Шинэчлэлийн Засгийн газрын уламжлалт уулзалтуудын нэг “Шинэчилж шийдье-222” нээлттэй уулзалт өнөөдөр боллоо. Өнгөрсөн хавар Сэлэнгэ аймагт ажиллах үеэр тус аймгийн ногоочид “Намар ургац хураалтын үеэр төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээ Улаанбаатарт борлуулах байр, талбай гаргаж худалдаа эрхлэх боломж олгож өгөөч” гэж хүсэлт тавьсан. Энэ дагуу ахлах зөвлөх Л.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллуулсны үр дүн эхнээсээ гарч байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн эхэнд хэллээ.
Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригт 14 цагаас болдог “Шинэчилж шийдье-222” уламжлалт хэлэлцүүлгийн энэ удаагийн сэдэв “Шинэ ургацын ногооны худалдаа” бөгөөд ногооны худалдааг шинэ байдлаар зохион байгуулах талаар ярилцсан юм. Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав худалдааны төвийн гадна талбайд болсон хэлэлцүүлэгт ногоочид, иргэд болон Засгийн газар, нийслэл, дүүргийн удирдлагууд оролцлоо.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт Скай худалдааны төв, Чингэлтэй дүүрэгт “Урт цагаан”, Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав”, Хан-Уулд “Номин” худалдааны төв, Баянголд “Смарт” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт “UB mart”-ын гадна талбайд “Шинэ ногооны худалдаа”-ны төв цэгүүд ажиллаж ногоочид ногоогоо борлуулж эхлээд байна.
Энэ сарын 20 гэхэд салбар 20 цэгийг байгуулж 240 орчим лангуугаар төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдах юм. Ингэснээр ногоочид ногоогоо ченжүүдэд хямд өгөхгүй хэрэглэгчдийнхээ гарт шууд хүргэх боломж бий боллоо гэж хөдөө, орон нутгаас ирсэн ногоочид хэлж байлаа. Ногоочдоос лангууны түрээс гэж авахгүй учир хүнсний ногоогоо аль болох хямд үнээр борлуулахыг албаны хүмүүс энэ үеэр ногоочдод зөвлөж байсан. Шинэ ногооны худалдаа 28 цэгт ажиллах бөгөөд 10 дугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.