Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр өндөрлөнө. Монголын 43 тамирчин Риог зорьсноос чөлөөт бөхийн хоёр, марафоны гурван тамирчин тэмцээнд оролцох хуваарьтай.
Ингээд өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.
МАРАФОН: Энэ удаагийн олимпийн наадамд эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин эрхийн нормативыг биелүүлэн оролцож байна. Бүтэн багаараа оролцож буй эрэгтэй марафончид өнөөдөр уралдана. Олимпийн наадмын марафоны төрөлд нийт 155 тамирчин оролцохоор бүртгүүлснээс Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Ц.Бямбажав нар багтсан.
Бат-Очир СЭР-ОД
1981-10-07-нд төрсөн, Говь-Алтай, Монгол Улс
Афин-2004, Бээжин-2008, Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
“Фүкоко 2014” марафон, 2:08:50 Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон, Фүкоко, Япон
2008, “Good Luck Beejing” марафон, Алтан медаль, Бээжин, БНХАУ
2013, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль, Хонконг, БНХАУ
“Хүч” спорт хороо
Дамбадаржаа ГАНТУЛГА
1989-02-03-нд төрсөн, Завхан, Монгол Улс
Олимпийн наадамд анх удаа оролцоно
2015, “Шандунь” олон улсын хагас марафон, Алтан медаль, БНХАУ
“Хилчин” спорт хороо
Цэвээнравдан БЯМБАЖАВ
1990-07-07-нд төрсөн, Увс, Монгол Улс
Олимпийн наадамд анх удаа оролцоно
2012 Бээжингийн хагас марафон, Алтан медаль
2016, Сөүлийн марафон, XV
2014, Бээжин олон улсын марафон, VIII
ЧӨЛӨӨТ БӨХ:
“Кариока арена” цэнгэлдэх хүрээлэнд болж буй чөлөөт бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн 65, 97 кг-ын жингийн барилдаанаар өндөрлөнө.
65 кг:
Энэ жинд 21 бөх барилдана. Гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх олимпийн хүрэл медальт, Азийн наадмын болон тивийн аварга Ёгишвар Дутттай хүч үзнэ. Түүнийг ялбал дараагийн тойрогт Австри, Хятадын бөхчүүдийн аль хожсонтой нь таарах юм.
Ганзориг МАНДАХНАРАН
1986-05-11-нд төрсөн, Төв, Монгол Улс
Олимпийн наадамд анх удаа оролцоно
2013, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль, Будапешт, Унгар
2014, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль, Ташкент, Узбекстан
2010, Азийн наадам, Алтан медаль, Гуанжоу, БНХАУ
“Алдар” спорт хороо, Гавьяат тамирчин
97 кг:
Энэ жинд нийт 19 бөх барилдана. Д.Хүдэрбулга “Б” хэсэгт багтаж, эхний тойрогт хийлсэн. Тэрээр Киргизийн Магомед Мусаевтай барилдана. Түүнийг хожбол Украин, ОХУ-ын бөхчүүдийн аль ялсантай нь хүч үзнэ.
Энэ хэсэгт олимпийн наадмын хошой хүрэл медальт, ДАШТ-ний алт, хошой мөнгө, хүрэл медальт, Европийн спортын наадмын болон тивийн аварга Азербайжаны Хетаг Газюмов, Ираны бөх Реза Мохаммад Али Яздани нар багтжээ.
Доржханд ХҮДЭРБУЛГА
1992-05-07-нд төрсөн, Төв, Монгол Улс
Олимпийн наадамд анх удаа оролцоно
2014, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль, Астана, Казахстан
2014, Азийн наадам, Хүрэл медаль, Инчён, БНСУ
2016, Олимпийн эрх олгох тэмцээн, Мөнгөн медаль, Истанбул, Турк
“Ганьт” клуб
Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 20.30-с эхэлнэ