С.Зоригоос эхлэлтэй О.Дашбалбар, Ш.Отгонбилэг, Б.Энэбиш, Б.Дангаасүрэн гээд улстөрийн захиалгат аллагууд Ардчиллын хамгийн том сүүдрүүдийн нэг билээ. Эдгээр захиалгат хэргүүд Ардчиллыг албан тушаал, авлигын төлөө эхлүүлсэн хүмүүсийн хөлд тээглэсэн хүмүүс рүү чиглэсэн байсан нь харагддаг. Тэгвэл улстөрийн захиалгат хэргүүдийн хамгийн анхных гэгддэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хүмүүс хэргээ хүлээсэн гэнэ. Хуулийнхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн байж болзошгүй гурван хүнийг Орхон аймгаас баривчилсан гэх бөгөөд тэдний мэдүүлгийг үндэслэн удалгүй С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж хорьсон юм.
Тэгвэл Б.Булганыг баривчилж хорьсноос 10 сарын дараа Б.Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусчээ. Б.Булганы хувьд С.Зоригийн аллагын цорын ганц амьд гэрч гэдгээрээ энэ хэрэгт ихээхэн “чухал” хүн. “Маш нууц” гэх нэрийн дор явагдсан энэхүү хэрэгт Орхон аймгаас Содномдаржаа, Ганхуяг, Чимгээ нарын гурван хүнийг Орхон аймгаас баривчлан шалгаж буй тухай болон тэдний нэгийг батлан даалтад гаргасан гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл С.Зоригийн хэрэгт сэжиглэгдсэн эдгээр хүмүүсээс талийгаачийн амь насыг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Улмаар сэжигтнүүдийн гэм буруутай эсэхийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учир хавтаст хэргийг прокурорын хяналтад шилжүүлэхээр болоод байгаа аж. Хэрвээ энэ үнэн бол, үнэхээр л шударгаар ажиллаж чадаж байгаа юм бол анхнаасаа улстөрийн захиалгатай гэдэг нь тодорхой байсан С.Зоригийн хэргийн улстөрийн захиалагчид нь тун удахгүй илрэх ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүнийг алуурчин гээд энэ хэргийг хаах ёсгүй. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хоёр сэжигтний нэгнийх нь ээж Жавзмаа гуайгийн хэлснээр, түүний хүү ямар ч гэм буруугүй, урьд нь ямар нэгэн хэрэгт төвөгт орооцолдож байгаагүй нэгэн аж. Түүний хувьд хүүгээ хэлмэгдчихлээ хэмээн үзэж байгаа бөгөөд холбогдох албан тушаалтнуудад гараа сарвайтал бичиг бичиж байна, үхчихдэггүй л юм бол хөлөө хүрэх газар хүртэл явна гэдгээ мэдэгдээд буй.
Ямартай ч, хуулийнхан шударга ажиллаж байгаа гэдэгт найдья. Мөн тун удахгүй энэ хэргийг олон нийтэд ил тодоор мэдээлнэ гэдэгт итгэе. Түүнчлэн С.Зориг хэний эсвэл хэн, хэний эрх ашгийг хөндсөний учир амь насаа алдав гэдгийг тодорхойлох биз. Маш нууцын зэрэглэлд хамаардаг С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор мэдэгдэж буй нь 10 гаруй хүн амины хэрэг байдаг бөгөөд нийтдээ 20 гаруй хүний амь нас хохирсон гэдэг албан бус ч үнэнд нэлээд дөхөхүйц тоо баримт байдаг. Эдгээр хүн амины хэргүүдийг гол зангилаа С.Зориг. Тэгэхээр хэргийн гол зангилаа нь тайлагдаж байгаам чинь түүнээс үүдэлтэй бусад жижиг зангилаад аяндаа тайлагдах учиртай. Эс бөгөөс С.Зоригийн хэрэгт одоог хүртэл улстөрийн нөлөөлөл байна, магадгүй гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж, хэргийг хаах гэсэн башир арга гэж үзэх үндэслэл бий. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хоёр хүн нь малчин хүмүүс гэж байгаа. Мөн тэднийг хэрэг үйлдсэн хутгаар нь нотолсон гэж байгаа. Үүнээс гадна С.Зоригийг хөнөөсөн гэх малчдыг талийгаач Ш.Отгонбилэг агсны малыг малладаг байсан хүмүүс гэж мэдэгдээд байгаа. Хамгийн ноцтой нь, талийгаачийн малыг малладаг байсан эмэгтэйн үс С.Зориг амь үрэгдсэн хэргийн газраас олдсон гэж байгаа. Үсийг Япон Улсад шинжлүүлэхэд ДНК таарсан гэх.
Хэрвээ тийм бол, гэмт этгээдүүд шийтгэлээ хүлээх байх. Гэхдээ энэ бүхнийг шинэ эрх баригчид сайтар нягталж, ямар нэгэн гаднын нөлөөлөлд автахгүйгээр шударгаар шалгаж үзэхэд гэмгүй. Яагаад заавалБ.Булганыг сонгуулийн өмнө баривчлав, яагаад заавал 18 жил ахиц гараагүй хэргийг сонгуулийн өмнө цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө дуусгах гэж зүтгэв гэхчлэн олон асуудал бий. Тэр ч бүү хэл манай нэр бүхий томоохон улстөрчидтэй маш дотно харилцаатай Япон Улсаас өөр оронд ДНК-гийн шинжилгээ хийлгэж батлах хэрэгтэй. Ер нь, С.Зоригийн хэрэг дандаа улстөрийн хөдөлгөөнтэй холбоотойгоор шалгагдаж, сөхөгдөж ирсэн байдаг. Хууль хүчнийхнийг дутуу үнэлж болохгүй, тэд улстөрчдөөс дутахгүй ухаалаг. Тиймдээ ч, С.Зориг гэхчлэнгийн хэргүүдээр шантаажилж, халаа сэлгээ томилгооны асуудлаа шийддэг гэх. Учир мэдэх хүмүүсийн ярьдгаар, С.Зориг амь үрэгдсэнээс хойш хууль хүчний байгууллагын удирдлагууд огцом баяжиж, “дархлагдсан” гэгддэг.
С.Зоригийн гэрээс олдсон их хэмжээний цустай бэлэн мөнгө хэний тушаалаар алга болж, хэний тушаалаар хэргийн үе үеийн шалгах ажиллагаа зогcч, ул мөр нотлох баримтуудыг нь устгаж байв гэдэг сонин. С.Зоригийн гэрээс олдсон гэгддэг их хэмжээний бэлэн мөнгө өөрөө “алуурчид эхлээд түүнтэй тохиролцох гээд очсон ч чадаагүйн улмаас түүний амь насыг хөнөөжээ” гэхчлэн их олон зүйлийг хэлдэг. Ямартай ч, сэжигтнүүд хэргээ хүлээсэн гэдэг нь өөрөө их том амжилт. Харин одоог хүртэл амьд байгаа гэж улстөрийн хүрээнд яригддаг ярианаас үзвэл энэ хэргийн цаад эзэд буюу захиалагчид нь талийгаач Ш.Отгонбилэгийг захиалагч болгож, гэм буруугаа нас барсан хүнд тохоод зүгээр өнгөрөх гэж байгаа юм биш биз дээ гэх хардлага төрж буйг нуух юун.
Төгс