2002 он буюу одоогоос 14 жилийн өмнө элэгний хорт хавдартай гэж оношлогдсон Д.Должин эмээ бүхэл бүтэн зургаан жилийг хэвтэрт өнгөрүүлжээ. Гэсэн ч тэрбээр нэг л өдөр Монголын говьд л зөвхөн ургадаг “Загсгал” хэмээх анагаах увидас бүхий бутлаг ургамлыг ууж үзэхээр шийдэж, өөр дээрээ туршжээ.
Тэгвэл өдгөө 79 настай Д.Должин эмээ элэгний хорт хавдраасаа ангижирч хөл дээрээ зосгоод зогсохгүй “Загсгал” нэрийн цайг худалдаанд гаргаж жинхэнэ утгаараа бизнес эрхлэгч эмэгтэй болжээ. Тэрбээр “Далт мөнгөн шанд” хэмээх компанийн захирлаар ажилладаг бөгөөд “Загсгал” цай манайд тийм ч олонд хүрээгүй ч хилийн чанад, ялангуяа ОХУ, Буриадад нэлээд алдаршиж байгаа аж. Энэ тухай Буриадын “Asia Russia Daily” цахим сайтад нийтэлжээ.
Д.Должин эмээ өөрийн бизнесийг амжилттай эхлүүлээд зогсохгүй бусдад буян болж өвчнийг нь анагаах зорилгоор “Загсгал” цайгаа худалдаанд гаргасан нь ОХУ-д нэлээд эрэлттэй байгаа юм байна. Сонирхуулахад, “Загсгал” ургамал нь эрт үеэс элэгэнд сайн, хавдраас сэргийлдэг, дархлаа сайжруулдаг гэгдэж байжээ. Өдгөө манай томоохон эм үйлдвэрлэгч “Монос” компанийн “Салимон” нэрийн бүтээгдэхүүний найрлагад “Загсгал” бут ордог байна.
Ямартай ч, 2010 оноос ажилчид хөлсөлж, “Загсгал” цайгаа худалдаанд гаргаж байсан Д.Должин эмээ өөрийн бүтээгдэхүүнээ аль нэг аймгийнх гэж ярилгүй Монголынх гэж ярьдаг гэнэ. Өнгөрсөн жил түүний энэ “цай”-г Аж үйлдвэрийн яамнаас “Үндэсний брэнд” хэмээн тодорхойлж диплом гардуулан өгчээ. Өдгөө Д.Должин эмээгийн бизнес өргөжиж Японд бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн байна.
mass.mn