Эрчүүдийг ойлгож, хамтдаа насыг барна гэдэг бүсгүй хүн бүрт хүндхэн даваа байдаг. Тэдний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгс нь заримдаа эмэгтэйчүүдийг гайхшруулж орхих нь ч бий. Ингээд та бүхэндээ бүсгүйчүүдийн хэзээ ч ойлгохгүй эрчүүдийн амьдралыг танилцуулъя.
Бүсгүйчүүдийн хэзээ ч ойлгохгүй эрчүүдийн амьдрал
1. Хүүхэд хэвээр
Эрчүүд хэзээ ч том болдоггүй хэмээдэг. Хэдий тэд олон хүүхдийн аав болсон ч гэлээ аз жаргалыг олж авах арга барил нь огтоос өөрчлөгдөөгүй байдаг билээ. Тэд өөрсдийн тоглож өссөн тоглоом, эд зүйлсээ хаях нь бүү хэл хааяа нэг гаргаж, хүнээс нуугдан тоглох тун ч дуртай. Мөн видео тоглоом тоглож, хөгжилдөх нь тэднийг буцаад хүүхэд болсон мэт санагдуулж, стресс, ядаргаагаа тайлах гол хэрэгсэл болох нь ч бий.
2. Анхаарлаа төвлөрүүлэх
Хэрэв үнэхээр тэдний дуртай зүйл зурагтаар гарах, эсвэл тэд өөрсдийн дуртай зүйлсээ хийж байвал тэдэнтэй ярилцах гэж оролдох ч хэрэггүй. Тэд хэзээ ч тухайн хүний ярьж байгаа зүйлийг сонсдоггүй бөгөөд сонсож байгаа царайлсан хэдий ч юу ч ойлголгүй үлддэг хүмүүс. Өөрөөр хэлвэл тэд нэг зүйлд анхаарлаа хандуулсан л бол үүнийг нь хориглох, өөрчлөнө гэдэг зүүд зэрэглээ мэт.
3. Дэлгүүр хэсэх бол там
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сонирхол, ертөнцийг харах өнцөг тэс өөр байдаг. Тиймдээ ч нэг нэгнийгээ өөрийн дуртай зүйлсд хүчлэн оруулах нь огтоос зөв зүйтэй үйлдэл биш. Энэ нь яг л “тамлалт” шиг санагдуулдаг. Ялангуяа эрчүүд дэлгүүр хэсэх тун ч дургүй хүмүүс. Барагтай л бол өөртөө зориулж хувцас, эдлэл аваад байдаггүй бөгөөд хэдхэн ээлжийн хувцастай явах эрчүүд элбэг. Үнэхээр шаардлага гарсан үед тэд хурдхан шиг дэлгүүр орж, 20 минутанд хүссэн зүйлээ олж авдаг бол эмэгтэйчүүд бүхэл бүтэн өдрийг дэлгүүр хэсэхэд зарцуулдаг нь эрчүүдэд амьдын там мэт санагддаг аж. Тиймээс бүсгүйчүүд минь эрчүүдийг дэлгүүр хэсье гэж шаналгах хэрэггүй. Хэрэв үнэхээр авч яваа тохиолдолд утсан дээрээ спорт нэвтрүүлэг, тоглоом суулгаад л бариулчих. Хэдэн цаг лав уурлаж, бухимдахгүй таны дагаад явах болно.
4. Өрсөлдөх дуртай
Тэд үргэлж л хэн нэгэнтэй өрсөлдөн, тэмцэлдэж байдаг юм. Ямар ч шалтгаангүй зүгээр л таарсан хүнтэйгээ хийж байгаа зүйлсээрээ өрсөлдөх дуртай. Энэ нь тэдэнд ямар ч шаарлагагүй мэт боловч илүүтэй их урам зориг, уур бахдлыг төрүүлж өгдөг байна. Тэд бүгд ялалтанд дуртай, харин ялагдваас бууж өгнө гэж бараг үгүй юм.
5. Ирээдүйд санаа зовдоггүй
Эрчүүд зөвхөн өнөөдөртөө амьдардаг. Тэдний ихэнх нь ирээдүйд санаа зовниж, эртнээс төлөвлөдөггүй. Мэдээж өрх гэр толгойлж яваа тул үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө өөрөөс гарч болох бүхнийг хийх боловч ирээдүйд болох зүйлсийг бодон, өнөөдөр хийх зүйлсээ огтоос хойшлуулж, эмээдэггүй зантай. Харин эмэгтэйчүүдийн тухайд цаг ямагт гаргаж байгаа шийдвэртээ эргэлзэж, ирээдүйд алдаж онох вий хэмээн эмээж явдаг билээ.
6. Бусдын үгийг дагах дургүй
Хүн болгон адилгүй тул бүх эрчүүдийг бусдын зааварчилгаа, үгээр нь явах дургүй хэмээвэл буруутах биз. Гэхдээ тэдний ихэнх нь өөрсдийн үйлдлээ бусдаар заалгах тун ч дургүй билээ. Нэгэнт л хувь хүн болж төлөвшсөн бол шийдвэрийг өөрөө гаргаж, амьдралаа өөрөө залж явах дуртай байдаг юм. Тэдэнд хэтэрхий их зааж зөвлөх нь сөрөг үр дүнтэй бөгөөд эрчүүд ихэвчлэн эсрэгээр нь хийх талтай. Тиймээс тэднийг зүгээр л орхиж, гаргах шийдвэрийг нь ажиж, хэрэгтэй гэж үзвэл өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд хангалттай. Харин хэзээ ч бүү тэдэнд хийх зүйлийг нь тулгаж, дарамтлаарай.
7. Утсаар ярих дургүй
Эрэгтэй хүмүүс утсаар хэт удаан ярих дургүй байдаг. Харин тэд яагаад ийн дургүйлхэж, ундууцдаг болохыг эмэгтэй хүмүүс ихэд гайхаж, учрыг нь олж, хужрыг нь тунгааж чаддаггүй юм. Үнэн хэрэгтээ тэд зүгээр л нэг зүйлээсээ түргэн уйддаг. Утсаа гарандаа удаан барьж, нэг хүнтэйгээ удаан ярих нь үнэхээр залхуутай хэрэг хэмээн бодож, аль болох утсаа хурдан таслахыг эрмэлздэг бөгөөд үүнээс илүүтэй олон өөр хүнтэй ярих нь дээр гэж үздэг байна.
8. Машин бол тэдний амь, амьдрал
Машиныг эр хүний унаа хэмээн үздэг. Тэр бүү хэл эрчүүд нь энэ үгэнд омогшин, төмөр хүлгээ бүхнээс илүү хайрлаж, тордоно. Хэр их эрсдэл, золиос гаргаж тус машиныг авснаас бүх зүйл хамаарах бөгөөд золиос их гаргасан байх тусам хайрлах хайр нь нэмэгдэнэ. Зарим нэг хүн машинаа найз охиноосоо хүртэл илүүд үзэж, ихэнхи цагаа хамтдаа өнгөрөөнө гээч. Гэхдээ амжилттай яваа эрийн цаана халамжит гэргий байдаг болохоос төмөр хүлэг байдаггүй гэдгийг санавал зохилтой.
9. Өвдвөл яг л хүүхэд шиг
Өвчин зовлон хүний амьдралд ээлжлэн оршдогоос хойш өвдөхгүй байна гэдэг үлгэрийн далай. Харин эрчүүд өвдсөн үедээ яг л бяцхан жаал шиг болж хувирдаг. Гомдоллож, элдэв зүйлс нэхэж, яг л үхэх гэж буй мэтээр аашилна. Харин эмэгтэйчүүдийн хувьд, эсрэгээрээ бөгөөд ялангуяа эхчүүд өвдөж байсан ч шүд зуун, үр хүүхдээ асардаг хүмүүс. Гэвч эрэгтэй хүмүүс гэдэс нь хальт базлах төдийд л баашлан хэвтэж, бантан эм зөөлгөдөг юм шүү.
10. Бүсгүйчүүдийг харах нүд
Эрчүүдийг бүсгүй хүнийг харах нүд, өнцөг болоод сонирхлоор нь хоёр ангилж үзнэ. Нэгдүгээрт халуухан, тачаангуй бүсгүй, хоёрдугаарт эгэл даруу, энгийн бүсгүй. Тэд ийн төрлийн бүсгүйчүүдийг сонирхож, өөрийн ирээдүйн ханиа болгоно хэмээн мөрөөдөж явдаг юм. Гэхдээ ямар ч эр байлаа гэсэн халуухан бүсгүй өөрт нь хандтай байвал зүгээр өнгөрч чаддаггүй бөгөөд харин тэдгээр бүсгүйтэйгээ цаашид амьдарч, ханилах тал дээр өөр бодолтой байдаг аж. Ханилан сууж, насыг барах ханиа сонгохдоо аль болох даруу төлөв, ажилсаг нэгнийг сонгодог бөгөөд сайхантай нь явалдаж, сайнтай нь суу гэх үгийг өөрсдийн уриа болгон баримталдаг юм.
11. Сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй
Та эрэгтэй хүн өөрийн сэтгэл хөдлөлөө чин шударгаар гаргаж байхыг ховорхон харах боломжтой. Ялангуяа тэдний нулимс тун ховор гардаг бөгөөд тэр нь маш үнэ цэнэтэй байдаг юм. Тэд ихэвчлэн өөрсдийн мэдрэмжээ нууж, хүчтэй нэгэн мэт харагдахыг зорьдог боловч үүнийг нь ойлгох бүсгүй хүн цөөн байдаг билээ. Эмэгтэйчүүдийн тухайд тун ч зөөлөн, сэтгэлийн хөдлөл ихтэй хүмүүс тул ийн биеэ барьж, дотроо гуниж, баярлах эрчүүдийг хараад тун ч гайхдаг байна.
12. Бүдүүлэг
Энэ нь тэдний төрөлх зан гэлтэй. Хайнга, бүдүүлэг зантай тэднийг хараад уурлах, инээх зэрэгцэнэ гээч. Эмэгтэй хүмүүс халамжлуулж, хүндүүлэхийг хүсэх боловч соёлгүй эрчүүд хаалга онгойлгон түрүүлж орон, хаяж явчаад ширээнд сууж тэр бүү хэл сууж ч амжаагүй байхад нь хоолоо идэж, сонин авирлаж ч мэднэ. Энэ бүгдийг буруутгах аргагүй, эхээс төрөхдөө ийн ухамсартай төрсөн мэт боловч ямар ч эр хүнд бүсгүй хүнийг хүндлэх сэтгэл, багахан соёл байхад л болоод явчихдаг юм шүү.
13. Эрх чөлөөт, биеэ даасан эр хүн
Тухайн хүн насанд хүрсэн, хүнтэй гэр бүл болсон эсэх нь үл хамааран ердөө л бие даасан эр хүн байхыг хүсдэг. Бусдаас тусламж, зөвлөгөө хүсэлгүй биеэ дааж амьдрахыг илүүд үздэг байна. Эр хүн бүр эрх чөлөөг мөрөөдөж явдаг бөгөөд үүнээс илүү гайхалтай зүйл байхгүй хэмээн бодож явдаг аж.
14. Засч янзлах дуртай
Тэд цаанаасаа л эвдэрч, хугарсан зүйлсийг засч янзлах авьяас, увидастай төрсөн хүмүүс. Тиймдээ ч хаа таарсан бүхнээ чадахгүй байлаа ч янзлах гэж оролдох нь тэдний гэм биш зан. Зөвхөн эдлэл хэрэгсэл ч бус хүнийг хүртэл засч, бусдыг эвлэрүүлэх гэж оролдох нэгэн ч бий. Тэдний тухайд бүгдийг чаддаг, мэддэг бурхан мэт аашилж, бусдын асуудалд хэт оролцох гээд байдаг дутагдалтай.
15. Нойтон хамуу шиг эр
Бүсгүйчүүд нойтон хамуу шиг зууралдаж, бүхнийг хамт шийдэх гэж аашлах эрчүүдэд хамгаас дургүй. Эр хүн хүчирхэг, шийдэмгий байх нь бүсгүйчүүдэд таалагддаг бөгөөд энэ зан чанараа алдах аваас эр хүн гэж ч үзэхгүй юм. Ийн төрлийн эрчүүд ч мөн нийт эрэгтэй хүмүүсийн багагүй хувийг эзэлдэг байна шүү.
everyday.mn