-С.Зоригийг 16 настай хүү хөнөөсөн гэнэ үү-
Одоогоос 18 жилийн өмнө буюу 1998 оны тэр нэгэн өдөр УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг гэгээн цагаан өдрөөр гэртээ онц хэрцгийгээр алагдсан билээ. Энэ хэрэг анхнаасаа улстөрийн захиалгатай хэрэг болох нь тодорхой харагддаг бөгөөд хэргийн өмнөх улстөрийн нөхцөл байдал тогтворгүй байсан нь үүний нотолгоо гэлтэй. Ерөнхий сайд болох магадлал тун өндөр байсан С.Зориг зарим нэг хүмүүсийн амбиц, ашиг сонирхолд хөндөлссөн учраас ийнхүү амиа алдсан гэдэг. Үүнээс гадна анх удаа Төрийн эрхэнд гарсан Ардчилсан намын дотоод байдал ширүүсч, мөнгөний төлөө тэмцэл ид хүчээ авч байсан үе.
Зохион байгуулалттайгаар банкуудыг дампууруулж, их хэмжээний хөрөнгө шамшигдуулагчид өөрсдийн хүнээр дараагийн Ерөнхий сайдыг тавихыг хичээж байсан гэдэг. С.Зоригийн хувьд намынхантайгаа бус МАХН /одоогийн МАН/-ын С.Баяртай ойр дотно байсан ба Ерөнхий сайд болбол АН-ынхны Сэргээн босголтын банк тэргүүтэй луйвруудын жинхэнэ үнэн задрах гээд байсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Гэхдээ захиалгаар очсон алуурчид эхэндээ С.Зоригийг шууд хөнөөхөөр очоогүй гэдэг таамгийг талийгаачийн гэрээс олдсон их хэмжээний бэлэн мөнгөнөөс үүдэлтэйгээр дэвшүүлж болдог. Мөн хэргийн дараа талийгаачийн гэрээс олдсон 5, 10 мянгатын дэвсгэрт бүхий их хэмжээний цустай бэлэн мөнгийг цагдаагийн томоохон даргын тушаалаар хэргийн газарт байгаагүй болгосон зэрэг нь ихээхэн сэжиг дагуулдаг.
Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан талийгаачийн эхнэр гэгддэг Б.Булган болон өөр гурван хүнийг Орхон аймгаас баривчилж хориод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Саяхан тэдний хэргийг шалгаж дууссан, прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болсон талаар дуулгасан.
Энэ үеэр аймшигт хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булганы өгсөн мэдүүлэг зөрж, С.Зоригийг Батаа, Оюунаа гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бус хоёр эрэгтэй хүн хөнөөсөн гэдэг тогтоогдсон гэж байгаа.
Тэгэхээр анхнаасаа мөрдлөгийг будилуулах зорилгоор Б.Булган хоёр эрэгтэй хүн бус, эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэж хэлэв үү гэдэг нь их сонин. Ямартай ч, энэ хэрэгт холбогдуулан Орхон аймгаас баривчлагдаад буй гурван хүний хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй аж. Тэднийг
Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэх бөгөөд Ц.Амгаланбаатарын хувьд Орхон аймагт таксины жолоочийг мөчилж хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон нэгэн аж. Гэхдээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол Улс цаазын ялгүй орон болсон учраас Ц.Амгаланбаатарын ял 25 жилийн ял болжээ Хамгийн гол нь, Ц.Амгаланбаатар гэнэт л “Би С.Зоригийг хөнөөсөн” хэмээн мэдүүлэг өгч, энэ хэрэгтээ ойр дотнын хүмүүс болох Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг татжээ.
Гэхдээ Б.Содномдаржаа гадаа хүн харж байсан, Т.Чимгээтэй хамт С.Зоригийн гэрт орж түүнийг хөнөөсөн гээд байгаа Ц.Амгаланбаатарын хувьд С.Зориг алагддаг 1998 онд 16 настай хүү байсан гэнэ. Тэр ч байтугай С.Зориг амь насаа алдах үеэр Т.Чимгээ төрөөд удаагүй байсан, Ц.Амгаланбаатар 16 настай Улаанбаатар ч орж үзээгүй хүү байсан, Б.Содномдаржаа хөдөө мал маллаж байсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн аж.
Харин гэрчүүдийн мэдүүлгийг үл тоон хэргийг дуусгахаар зүтгэж байгаа нь ялын дээд хэмжээ авсан хүнд хэргийг үүрүүлж, ямар нэгэн нууц тохиролцоогоо хийв үү гэж үзэх үндэслэлтэй. Нөгөө талаас 16 настай хүү улстөрийн том хэргийг гардан гүйцэтгэсэн гэхэд ихэд эргэлзээтэй. Мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилс хэрэгт хэлмэгдүүлж байна хэмээн ар гэрийнхэн эсэргүүцэж, хандаж болох бүх байгууллагад хандсан ч тусыг эс олоод байгаа. Юутай ч, хууль хяналтынхан энэ хэргийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэг тийш болгохоор зүтгэж байгаа гэдэг үнэн болоод явчихлаа.
Жаргал