Д.Хаянхярваа: Ирэх онд төсвийн нийт орлого, зээл, бонд, түүний хүүг төлж чадахааргүй хэмжээнд хүрэхээр байна

527-1473391117aab3c793be3465894e2a2f9826b07dc7big_0
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд намуудын бүлгийн дарга нар хэлэлцэж буй асуудлаарх бүлгийн санал дүгнэлтийг танилцуулсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Д.Хаянхярваа уншиж танилцуулахдаа тус бүлгээс зохих ажил хэсэг байгуулж ажилласан гэдгээ онцлов.
Уг дүгнэлтэд, “Монголын эдийн засгийг туйлын хүнд нөхцөл байдалд орсон байна. Зарим судлаачид эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг 1990-1992 оны шилжилтийн хүнд түвшинтэй зүйрлэж үр дагавар нь 10-15 жил үргэлжилнэ гэж дүгнэж байна. Дэлхийд гайхагдаж байсан 17,5 хувийн эдийн засгийн өндөр өсөлт жил дараалан саарсаар 4 жил гаруйн хугацаанд 13 дахин уналаа.
Хөрөнгө оруулагчдын итгэл алдарч хөрөнгийн гадагшлах урсгал давамгайлах болсон, гадаад валютын цэвэр албан нөөц 4 жилийн дотор бүрэн шавхагдаж, хасах үзүүлэлттэй болсон, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 60 гаруй хувиар унасан, улсын гадаад өр 23,5 тэрбум ам.долларт хүрсэн, бизнес эрхлэх орчин хумигдаж, ажилгүй, орлогогүй, өрийн дарамттай иргэд, аж ахуйн нэгжийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа зэрэг уруудан, доройтсон үзүүлэлттэй улс орныг бид хүлээн авлаа. Хамгийн сүүлийн статистик мэдээгээр улсад бүртгэлтэй 134 мянган аж ахуйн нэгжээс 66 мянга нь буюу 2 компани тутмын 1 нь үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Стандарт пүүрс” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг 4 жилийн дотор 4 шатлал бууруулсан байна. Үүний улмаас Засгийн газар, үндэсний томоохон аж ахуй нэгжүүдийн бонд, хувьцааны ханш шалдаа бууж, гадаад зах зээлээс таатай нөхцөлтэй, хүү багатай эх үүсвэр татах боломж эрс хязгаарлагдлаа. Тухайлбал, энэ оны 4 дүгээр сард гаргасан Засгийн газрын 500 сая ам.долларын бондын жилийн хүү 11 хувьд хүрсэн байгаа нь дөрвөн жилийн өмнөхөөс 2 дахин өндөр байна” гэв.
Мөн цааш хэлэхдээ, “Эдийн засгийн нөхцөл байдал бидний төсөөлж байснаас илүү хүнд байна. 2016 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.4% буюу 940.5 тэрбум төгрөг байхаар баталсан ч бодит байдал дээр ДНБ-ий 18,2 хувь буюу 4,4 их наяд төгрөгт хүрэхээр болсон нь аюулын харанга дэлдэж байна. Ийнхүү алдагдал огцом нэмэгдэхэд улстөрийн сонгуулийг угтаж хууль бусаар их хэмжээний зарлага гаргасан хариуцлагагүй үйлдэл нь томоохон нөлөө үзүүлжээ. Тухайлбал, “Сайн хашаа”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа”, “Сайн оюутан” хөтөлбөр нэрээр 1 их наяд 135,0 тэрбум төгрөгийг баталж 553,8 тэрбумыг олгосон байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн дээд хязгаарыг 2016 онд ДНБ-ий 55 хувиас хэтрэхгүй байхаар баталсан боловч энэ үзүүлэлт өнөөдөр ДНБ-ий 88 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, өрийн хямрал бодитоор нүүрлэж  ирэх онд улсын нэгдсэн төсвийн нийт орлого гадаад, дотоод зээл, бонд түүний хүүг төлж чадахааргүй хэмжээнд хүрэхээр байна. Муу мэдээ үүгээр дуусахгүй нь. Монголбанк, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийгдэж буй хяналт шалгалтын дүнд мэдээ маш ноцтой асуудлуудыг ч дагуулахаар байгааг энд дурдсангүй” гэсэн юм.
Тус бүлгээс эдийн засгийн хямралтай холбогдуулж төсвийн орлогыг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулахдаа цалин хасч, татварын хувь хэмжээг нэмэгдүүлгүйгээр төсвийн зөв эх үүсвэр, боломжуудыг эрэлхийлэх шаардлагатай хэмээн байр суурь нэгдсэн аж.
Эх сурвалж: “Монцамэ” 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …