Л.Хэнтий: Э.Бат-Үүл биднийг эмнэлэггүй болгосон

hentii_32

Нийслэлийн “Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийг байрнаас нь гаргаад таван жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл байртай болгоогүй байгаа талаар манай сонин өмнөх дугаарууддаа мэдээллэсэн.

Тодруулбал, тус эмнэлгийн 1120 ам.метр талбай бүхий хоёр давхар барилгыг хотын хуучин удирдлагууд иргэн З.Пүрэв-Очирт дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр худалдсан юм. Энэхүү эмнэлгийн барилга байгууламж яагаад бусдад хувьчлагдах болсон талаар тус эмнэлгийн захирал Л.Хэнтийгээс тодрууллаа.

-Эмнэлгийнхээ газар болон барилгыг яагаад бусдад алдах болов. Газраа өөрсдийн болгох гэх албаны хүмүүстэй тухайн үед уулзаж байсан уу?

-Бид эмнэлгийн газраа өөрсдөдөө буцааж авахын тулд бүхий л арга замыг хайж, чадах чинээгээрээ хотын удирдлагуудтай уулзаж учир байдлаа хэлж байсан. Тиймээс та бүхэн зүгээр сууж байгаад газраа бусдад алдчихлаа гэж хэлж болохгүй л дээ. Тухайлбал, миний өмнө нь байсан хоёр захирал энэ талаар маш их хөөцөлдөж тухай бүрт нь эрх мэдэл бүхий албан тушаалтнуудтай уулзаж явсан юм билээ. Уг нь анх эмнэлгийг концессын гэрээгээр барьж нэгэн компанийн нэрээр 12 давхар барилга барихаар зураг төсөл нь гарч бид таван давхарыг авах болсон гэсэн. Гэтэл хотын дарга асан Э.Бат-Үүл 12 давхар хэтэрхий өндөр байна болохгүй гэсэн шийдвэр гаргатал концессын гэрээгээр барина гэсэн компани маань 12 давхарыг л барихгүй бол бидэнд ашиггүй хэмээн хэлж цуцлах шийдвэрийг гаргасан. Ингээд энэхүү гэрээ цуцлагдснаас болж бид барилга ч үгүй газар ч үгүй болж эхэлсэн. 2011 НМХГ-ын тушаал гарч эмнэлэг байж болохгүй нүүлгэх хэрэгтэй гэсэн шийдвэр гарсан юм билээ. Энэ бол надаас өмнө болж байсан зүйл шүү дээ.

-Таниас өмнө болж байсан зүйл гэхээр та хэзээ ажлаа хүлээж авсан юм бэ?

-Би 2015 оны долоодугаар сард ажлаа хүлээн авснаас хойш хотын удирдлагуудад албан шаардлага явуулж Сүхбаатар дүүргийн Хангай хотхон буюу XI хороо долоодугаар хороололд 0.5 га газар авч бас л концессын гэрээгээр “Бэрэн” ХХК барихаар болсон байдаг юм. Тодруулбал, 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн НИТХ-ын тогтоолоор тус компанийг 11 давхар байшин барьж зургаан давхарыг нь манайд өгч, дээшээ орон сууц оффисс барих шийдвэр гарч гурван талын гэрээ байгуулсан. Гэтэл асуудал үүсч болохгүй гэдэг шийдвэр гарсан. Бид юу болов оо. Яагаад болохгүй гэх шийдвэр гаргав аа гэж асуухад нэгдүгээрт тус газар нь нийслэлийн өмчийн газар биш учраас дараа нь та нарыг гар, барь гэж хэлвэл яах юм бэ гэсэн. Хоёрдугаарт нь, зай талбай нь жижигхэн байна. Гуравдугаарт нь, эмнэлэг, орон сууц хоёр нэг дор байж .болохгүй гэх шийдвэрүүдийг гарч цуцласан. Ингээд бид сандралд орж одоо бид яах юм бэ гэхэд дахин өөр газар хайж өгье хэмээн хотын удирдлагууд хэлсэн. Хамгийн гол нь нийслэл өөрсдөө мөнгөгүй учраас концессын гэрээгээр хийнэ хэмээн дахин төлөвлөлтийн газар хайгаад байгаа шүү дээ. Ингээд өнгөрсөн зургаадугаар сард Дэнжийн-1000 ойролцоо танай эмнэлгийг Архивын газартай цуг “Асар өргөө” ХХК концессын гэрээгээр бариулая. Тус компани мөнгөтэй гэх үгийг хэлж байсан ч бас л бүтэхгүй байсаар одоо ийм байдалд хүрчихээд байна.

-Эмнэлгийн газар болон барилга байгууламжийн бичиг баримт нь танай нэр дээр байсан мөртлөө нийслэл яагаад захиран зарцуулах болов?

-Анх манай эмнэлэг хүүхдийн эмнэлэг байсан. Хамгийн гол нь манай байгууллага Эрүүл мэндийн харьяанд байсан. Ингээд бид тус байранд орох болтол нийслэлийн өмчийн газрын харилцааны мэдлийн байр байсан учраас бид байраа алдахгүй гээд Эрүүл мэндийн яамны харьяанаас гарч Нийслэлийн “Шүд эрүү нүүрний төв” гэдэг нэртэй болж нийслэлд харьяалагдах болсон. Уг нь бид бол байр саваа алдахгүй гээд бид нийслэлийн мэдэлд орсон гэсэн үг шүү дээ. Гэтэл байр нурах гэж байна бид юм аа мэдэж байна гээд л газар бол биднийх гээд биднийг байрнаас минь гаргасан даа.

-Газрыг дуудлага худалдаанд оруулж зарах гэж байгаагаа хотын хуучин удирдлагууд мэдэгдсэн үү. Өөрөөр хэлбэл, газрыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 04-ны өдөр иргэн З.Пүрэв-Очир гэх хүнд дөрвөн тэрбум төгрөгөөр зарсан байна лээ?

-Дуудлага худалдаагаар оруулж зарна гэж л хэлж байсан болохоос биш дуудлага худалдааны товыг бидэнд хэлж мэдэгдээгүй. Хамгийн гол нийслэлийн манай өмч учраас бид зарж үрэхээ өөрсдөө мэднэ гэдэг үгийг хэлж бидний мухардалд оруулчихаад байсан юм.

-Та бүхэн байраа алдахгүйн тулд Эрүүл мэндийн яамны харьяанаас гарч Нийслэлийн эрүүл мэндийн газарт харьяалагдах болсон байна. Нийслэлд хамааралтай болчихоод байхад яагаад та бүхнийг тус газарт үйл ажиллагааг явуулж болоогүй юм бол?

-Тэд хэлэхдээ байрны асуудлыг нийслэл мэднэ ээ. Харин ч үйл ажиллагаас нь танайхыг хохиролгүй болгож түрээсийн төлбөрийг тань улсаас төлж , мөн байртай болгож өгнө өө л гэж хэлж байсан.

-Та бүхэн айл айлын байр түрээсэлж явснаар ямар хүндрэл учирч байна вэ?

-Энэ эмнэлэг ганц Нийслэлийн асуудал биш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын томоохон асуудлын нэг. Манай улсад шүд, эрүү нүүрний нарийн мэргэжлийн ганцхан эмнэлэг байдаг. Гэтэл эмнэлгийн байраа алдчихаад одоо хүртэл байргүй байгаа нь манай Нийслэлийн болон эрүүл мэндийн салбарын томоохон эмгэнэл гэж хэлмээр байна. Нийслэл өмчөө мэдээд зарж болно оо. Хамгийн гол нь энэ газрын тодорхой хэмжээг авч үлдэж, эмнэлгээ барих ёстой гэдгийг манай газрын дарга Ш.Энхбат маш олон удаа хэлж байсан. Гэтэл тус газрыг ямар хүн, ямар зориулалтаар авсныг ч бид мэдэхгүй байна. Яг үнэндээ хүн амын нягтаршил ихэсснээс болж шүд эрүү нүүрний өвчлөл маш өндөр болсон. Голдуу хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанд үйлчилдэг нарийн мэргэжлийн ганц эмнэлэг шүү дээ. Тиймээс одоо энэ асуудал дээр төр засаг анхаарлаа хандуулж доривтой арга хэмжээ авна гэж бодож итгэж байна. Тухайлбал, саяхан Японын эмч нар манай эмнэлгээр ирээд явсан. Тэд бүр гайхаж танай “Танай улс шүдний өвчлөлдөө анхаардаггүй юм уу. Ямар жижигхэн байранд үйл ажиллагаа явуулдаг юм бэ” гэж гайхаж байсан. Яг үнэндээ шүд өвчилснөөс болж хүний эрүүл мэнд муудах суурь өвчин нь тавигддаг гэдгийг хэн хүнгүй л мэдэх байх. Хотын хуучин удирдлагууд үнэхээр улсдаа ганц гэгддэг эмнэлэг дээр анхаарлаа хандуулж сэтгэл гаргаагүй нь туйлын үнэн үг шүү.

-Тэгвэл хөрөнгө мөнгө зарахгүйгээр эмнэлэгтэй болох ямар боломж байна вэ?

-Байлгүй яах вэ. Маш олон боломж байна. Тухайлбал, маш олон төрийн өмчит газруудыг нэгтгэж суллаж байна. Эдгээрийг сулласны дараа биднийг оруулах боломж байна шүү дээ. Жишээ нь, манай яг хажууд байгаа прокурорын сургалтын төв байна. Тус газар нь анх хуучнаар НАХЯ-ны эмнэлэг байсан. Угтаа бол Эрүүл мэдний яамны харьяанд байсан гэсэн үг. Тэгвэл энэ том барилга байгууламжийг буцаагаад эмнэлэг болгож биднийг оруулж болно шүү дээ. Түүнчлэн зарим нэг эмнэлгийг салгаж байгаа шүү дээ. Одоо энэ хүмүүс хангалттай идэж уулаа шүү дээ. Эдгээрээс манай шүдний эмнэлэгт өгч болохоор байгаа юм. Ийм боломж байгаа шүү гэдгийг эрх мэдэл бүхий албаны хүмүүст танай сониноор дамжуулан хүргэж байна. Угтаа бол энэ бүхэн Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудад маш хэрэгтэй эмнэлэг шүү гэсэн үг. Бид өөрсдөд байгаа боломжоо ашиглаж төсвөөс хөрөнгө мөнгө гаргахгүйгээр өгсөн газрыг нь бүрэн тохижуулаад явах боломж нь байна.

-Уг нь Э.Бат-Үүл дарга ажлаа өгөхдөө шинэ хотын удирдлагуудад “Би та нарт асар их мөнгөтэй нийслэлийг үлдээлээ шүү” гэж хэлж байсан. Гэтэл та бүхэн тухайн нийслэл хөрөнгө мөнгөгүйн улмаас эмнэлгийг барьж чадалгүй өнөөдрийг хүрлээ гээд байх юм?

-Би энэ үгийг сонсоогүй. Тухайн үед хотын удирдлагууд бидэнд “Нийслэл мөнгөгүй учраас танай эмнэлгийг концессын гэрээгээр барьж өгнө” гэж л хэлж байсан. Энэ үгийг би болон манай өмнөх дарга нар бүгд мэдэж байгаа шүү дээ.

-Эмнэлгийн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаагүй хэрнээ яагаад газрын төлбөр төлж байгаа юм бэ?

-Газар дуудлага худалдаанд ортлоо манай өмч байсан юм шиг байна лээ. Бид тухайн үед бид дуудлага худалдаанд ороод зарагдахгүй байнаа юм бол бид байрандаа орое л доо. Бид газрын төлбөрөө төлөөд байгаа биз дээ гэж ч хэлж байсан. Гэтэл гэнэт л өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр танай газар бусдад заргагдсан учраас олоо та нарт хамаагүй болсон. Тиймээс ирж төлбөр тооцогоо дуусга гэж л хэлсэн. Үүний дагуу манай нягтлан бодогч явж асуудлыг дуусгасан. Бид сураг сонсох нээ тус газрыг манай хажууд байдаг “Жи” мобиалын эзэн авсан гэж л дуулсан.

-Ер нь энэ бүхний буруутан нь хэн бэ?

-Мэдээж хотын дарга асан Э.Бат-Үүл. Хэрвээ энэ хүн тухайн үед эрх мэдэлтэй байх үедээ эмнэлгийг эмнэлэг чигээр нь үлдээх боломж нь байсан уу гэвэл байсан. Тухайлбал, НИТХ-ын дарга асан Д.Баттулга болон бусад албаны хүмүүс эмнэлэг чигээр нь үлдээх гэж маш их хүчин чармайлт гаргасан. Тухайлбал, хурлын дарга асан Д.Баттулга, Э.Бат-Үүлд тус эмнэлгийг заавал байртай болгож өг гэсэн үүргийг маш олон удаа өгч байсан шүү дээ.

-Танай газрыг дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан иргэн З.Пүрэв-Очир тус газарт контор барихаар болсон юм билээ. Энэ талаарх мэдээлэл та бүхэнд байна уу?

-Ямар ч л байсан газрыг анх найман тэрбумаас дуудсан гэсэн. Тэгээд хүн авахгүй болоод л дөрвөн тэрбум төгрөгөөр дээрх иргэнийг авсан гэж ойлгож байна. Хамгийн гол нь энэ талаарх мэдээлэл бидэнд байхгүй учраас ийн хэлж буй хэрэг. Угтаа бол бидэнд барилгын талаарх мэдээлэл хаалттай байсан гэсэн үг. Бид анх хоёр тэрбум төгрөгөөр зарсан гэж сонсоод маш их харамсч байсан. Яагаад хотын “А” зэрэглэлийн газар ийм хямдхан зарагдах болов гэж гайхаж байсан юм. Танай сонинд гарсан мэдээллийг хараад дөрвөн тэрбум төгрөгөөр зарагджээ гэдгийг л мэдсэн. Бид Э.Бат-Үүлд маш олон албан бичиг илгээж байсан ч хариу өгдөггүй. Арга буюу ажилчдаас нь асуухаар дарга хариу өгөхгүй байна гэсэн л хариултыг өгдөг байсан. Чадлаараа л эмнэлэгээ авч үлдэхийг хүссэн дээ. Хэрвээ бид эмнэлэг рүү дайрч орлоо гэхэд төрийн өмчид халдсан хэрэг үүсэх гээд байсан юм. Тиймээс л мухардлалд орсон хэрэг л дээ.

-Хотын удирдлагуудтай биечлэн уулзсан уу?

-Э.Бат-Үүл биднийг ёстой хүлээж аваагүй. Харин ч дээр хэлсэнчлэн НИТХ-ын дарга асан Д.Баттулга нааштайгаар шийдэж өгөхийг хүссэн ч даанч Э.Бат-Үүл ажил хэрэг болгож өгөөгүй дээ. Түүнчлэн одоогийг Хотын ерөнхий менежер Д.Гантөмөр дарга НИТХ-ын төлөөлөгч байхдаа энэ асуудлыг хамгийн түрүүнд гаргаж тавьсан хүн. Бидэнтэй маш их ярилцаж энэ асуудлыг сайн ч хөөцөлдөж өгсөн ганц хүн нь шүү дээ. Эцэст нь хэлэхэд манай эмнэлэгээр хөгшид, эмзэг бүлгийн хүмүүс, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзүүлдэг учраас төр анхаарлаа хандуулаарай гэж хэлэх байна.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …