Сүүлийн 16 жилд гадаадад 4400 орчим монгол хүүхэд мэндэлжээ. Эдгээрээс 2000 гаруй нь давхар харъяалалтай аж. Тэдний ихэнх нь АНУ, ХБНГУ гээд европын орнуудад амьдардаг. Төрсөн улсынхаа хуулиар хүүхдүүд тухайн улсынхаа иргэн болдог бол аав ээжийнхээ харьяаллыг дагаж Монгол Улсаараа овоглох эрхтэй. Гэхдээ Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй юм. Иймээс гадаад дахь 130 гаруй мянган монгол иргэн иргэншлийн асуудлыг зохицуулсан эрх зүйн орчинтой болох саналыг удаа дараа Гадаад харилцааны яаманд илгээдэг байна. Тэгвэл удахгүй Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа харгалзан үзэж, тооны хязгаар тавьсан давхар иргэншлийг зөвшөөрөх хуультай болж, асуудлыг шийдэхээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдсэн. Тэгвэл Монгол Улсын харьяатын хуулийг өөрчлөх асууудалд Шинжлэх ухааны академийн эрдэмтэд нухацтай хандахыг уриалж, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлжээ.
Эрдэмтийн Монгол Улсын харьяатын хуулийг өөрчлөх үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг бүрэн эхээр нь танилцуулъя.
МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТЫН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Газрын харилцаатай холбоотой хууль эрхзүйн баримтуудад өөрчлөлт, нэмэлт оруулах, энэ талаар шинэ хууль, тогтоол гаргах үйл ажиллагаатай зэрэгцэн Монголд гадаадын буюу харьяалалгүй цагаач иргэдийг суурьшуулах, иргэнээ болгох үйл явцыг хялбаршуулсан эрхзүйн орчин бүрдүүлэх ажил эхлэв.
2016 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар харьяатын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж, тухайн үеийн УИХ “Иргэний харьяаллын тухай” нэртэй уг төслийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин хүлээн авчээ. Гэвч уг төслийн үндэслэл, агуулгыг нягтлахад эргэлзээтэй асуудлууд үлэмж байна.
Иргэний харьяаллын тухай хуулийн төслийг боловсруулсан үндэслэл, томьёолол, утга санаа, тооцоо судалгаа тун дулимаг ажээ. Төсөлд хавсаргасан баримт бичгүүдийг нягтлахад, гадаад улсуудын иргэний харьяаллын хуультай холбоотой зарим товч мэдээлэл, хэдхэн хуудас үүвэр түүвэр тоон мэдээний цуглуулга байснаас бус Монгол Улс гадаадаас цагаач авах хэрэгцээ шаардлага, тус улсад хэрэгцээтэй ажил, мэргэжлүүдээр гадаадын боловсон хүчин авах нарийвчилсан тооцоо судалгаа, тэдний мэргэжилд тавигдах нарийн шаардлагууд, мэргэжлийн ангилал, нас, хүйсийн харьцаа, Монгол дахь цагаачлалын түүх, ирээдүйн төлөвийн таамнал, цагаачлалаас үүдэх эрсдэл, иргэдээ хамгаалах арга замууд, үндэсний аюулгүй байдлын талаар системтэй судалсан судалгааны ажлууд байсангүй.
Өнөөгийн харьяатын тухай хуультай харьцуулахад, “Иргэний харьяаллын тухай” хуулийн төсөлд гадаадын иргэнийг өөрийн орны харьяат болгох зэрэг асуудалд үндэсний аюулгүй байдлыг дутуу анхаарсан нь илтэд байна. Зарчмын хувьд, өнөөгийн эрхзүйн баримтуудаар Монгол Улсын харьяат болохоор хүсэлт гаргасан гадаадын иргэнийг төрийн байгууллага 5 жил ажиглан судалсан байх ёстой ба энэ хугацаанд хүсэлт гаргагч этгээд Монгол Улсын хуулийг сахин биелүүлж, улс үндэсний аюулгүй байдалд харшлахгүй гэдгээ батлан харуулсан байх ёстой.
Гэвч өнөөгийн төсөл дээрх шаардлагуудыг нэлээд хялбарчилсан агуулгатай байна. Төсөлд дээрх шаардлагуудыг шинээр найруулан оруулсан хэрнээ, араас нь залгаад “тодорхой нөхцөл хангасан” гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгоход зарим чухал шаардлагыг нь харгалзахгүй байж болох заалтууд оруулжээ. Тэдгээр заалтуудыг нягтлахад гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгоход тавьдаг чухал шаардлагуудыг “тодорхой нөхцөл” нэрийн дор бүрхэгдүүлэн хөнгөрүүлсэн бөгөөд асуудлыг хэн нэг эрхтэн дархтаны үзэмжээр шийдвэрлэж болохоор байна.
Монголд байнга оршин суух эрхзүйн орчин бүрдүүлснээр гадаадын иргэдийг суурьшуулах нь өнөөгийн төслийн нэг гол зорилго ажээ. Гэвч уг төсөлд Монголд байнга оршин суух эрхийн үнэмлэхийг гадаадын ямар иргэнд өгөх вэ гэсэн нөхцөл, шалгуурыг нарийн тодорхой тусгаагүй байна.
Монголд оршин суух хүсэлтэй, төсөлд заасан шаардлагуудыг хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд байнга оршин суух үнэмлэх олгохдоо, “төрийн хэл, бичгийн мэдлэгтэй монгол үндэс, угсаатан” хүнд олгоно гэж төсөлд заажээ. Гэвч уг төсөлд “монгол угсаат хүн гэж хэнийг хэлэх вэ?” гэдгийг нарийвчлан заалгүй орхигдуулсан. Энэ нөхцөлд монгол угсаат хүний ялгах тодорхойлолт хуулийн дагалдах баримт бичгүүдэд яаж ч гуйван өөрчлөгдөх, эсвэл огт тусгагдахгүй байж болохоор байна. Иймээс төсөлд өөрийгөө “монгол угсаатан” хэмээн тодорхойлсон ямар ч улсын гадаад иргэн, тухайлбал, харь улсын хөлсний ажилчид, эсвэл дайн самуунтай улсын дүрвэгчдийг монгол угсаатанд хамруулан бөөнөөр суурьшуулах боломж харагдаж байна.
Мөн дээрх үнэмлэхийг “Монгол Улсад нэн шаардлагатай шинжлэх ухаан, техник, технологи эзэмшсэн, урлаг, спортын авьяастан болон онцгой шаардлагатай чадвар бүхий хүн”-д олгоно гэж төсөлд заасан боловч гадаад иргэний ажил, мэргэжилд тавих шаардлагын талаар нарийн тодорхой зохицуулалт байхгүй байна. Хөгжингүй улс орнууд хэрэгцээтэй мэргэжил, ур чадвартай гадаад иргэдэд байнга оршин суух эрх олгохдоо, судалгаа тооцоотой хандаж, тэдний чадвар, мэргэжилд тавих шаардлагуудыг нарийн зохицуулдаг. Харин өнөөгийн төсөлд буй “онцгой шаардлагатай чадвартай” гадаад иргэдийн ангилалд ямар ч гадаад иргэн, жишээ нь “онцгой чадвартай” гагнуурчид, барилгын шаварчид, автомашины бүхээгийн засварчид багтах боломж нээлттэй байна.
Иймд “Иргэний харьяаллын тухай” хуулийн төсөлд, Монгол Улсад хэрэгтэй, ашигтай байх үндэслэл ба нийгэм-эдийн засаг, аюулгүй байдлын судалгаа тооцоо нь орхигдож, харин гадаадын иргэдийг бөөнөөр суурьшуулах, иргэнээ болгох, тэдний цагаачлах үйл явцыг хялбаршуулсан эрхзүйн орчин бүрдүүлэх явцуу зорилгод голлон анхаарсан гэж дүгнэж болох байна.
Бидний өргөх бичигт хэвлэл мэдээллээр нээлттэй хариу өгнө гэдэгт найдаж байна гэжээ.