Манай улсад жилдээ 180 мянга орчим оюутан 100 гаруй их, дээд сургууль, коллежид элсэн суралцдаг бөгөөд Эрүүл мэндийн яамны сайдын ЭМЯ-ны сайдын 2013 оны 309 тоот тушаалын дагуу жил бүрийн 9-р сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Үүнтэй холбогдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлагийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2016 оны 9-р сарын 20-нд буюу өнөөдөр 16:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН өдөрлөг үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдана.
Тус өдөрлөгийг зохион байгуулах болсон учир нь ДЭМБ-ын 2015 оны судалгаагаар нийт хүн амын гуравны нэг буюу 989 мянга нь 18-35 насны залуучууд байна. Харамсалтайн ирээдүйн гэр бүл болсон, ид хийж бүтээх насны залуусын дунд халдварт болоод халдварт бус өвчлөл их байгааг мэргэжилтнүүд танилцууллаа. Тухайлахад, БЗДХ-аар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуучууд байна. Мөн үр хөндөлтийн 18,168 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 224.6 ногдож байна. Ийм учраас оюутан, залуучуудаа аливаа нэгэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хандлагаа өөрчлөх, өөрийгөө хөгжүүлэхэд нь зориулсан арга хэмжээг зохоин байгуулж байгаа юм байна.
Өдөрлөгт МУ-ын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ зэрэг байгууллагын албаны хүмүүс оролцохоос гадна оюутан, залуучуудын сонсох дуртай Uvertura, Extasy, Мотив хамтлаг болон залуу дуучин Болд, Чулуунчимэг, Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх болжээ.
Мөн өдөрлөгийн үеэр өндөр шагналтай хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулж оюутан, залуучуудын эрүүл мэндэд хэрэгтэй хувь хүний хөгжлийн болон эрүүл мэндийн чиглэлийн лекц зохион байгуулах юм байна.