Төрийн байгууллагын хүнд суртал, эрх мэдэлтнүүдийн дураараа авирласан хууль бус шийдвэрээс болж газрынхаа зөвшөөрлийг авч чадалгүй, бусдад алдаж хохироод байсан иргэн Ш.Энх-Амгалан шүүхэд ханджээ. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын шийдвэрийн эсрэг жирийн иргэн заргалдана гэдэг байж болохгүй мэт санагддаг байсан цаг шүүхийн шинэтгэлийн ачаар ард хоцорсон. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ш.Энх-Амгалангийн нэхэмжлэлийг хүлээн авч, төрд булаалгаад байсан газрыг нь буцаан олгох шийдвэр гаргажээ. Ингээд иргэн Ш.Энх-Амгалантай ярилцлаа.
-Таны ямар эрх зөрчигдөж, захиргааны хэргийн шүүхэд хандав?
-Шүүхэд хандсан учир шалтгаан маань Баянгол дүүргийн Дэвшил сангийн аж ахуйн 5 дугаар гудамжны төгсгөлд Хорооны Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 31 дүгээр номерийн автобусны маршрутын эцсийн буудлыг 5 шараас Баянгол дүүргийн Дэвшил сангийн аж ахуйн 5 дугаар гудамжны төгсгөл хүртэл 3 буудал сунгах болсонтой холбогдуулан тухайн газарт автобусны жолооч, кондуктор, диспейчер нарыг хооллож, ундлах, мөн дотроо боловсон 00- той, цайны газар байгуулах шийдвэр гарсан байдаг. Үүний дагуу би тухайн холбогдох албан тушаалтангуудын зөвшөөрлийг авч, дүүргийнхээ газрын албатай түр гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Энэхүү иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь жолооч, кондуктор, диспейчер нарын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх зорилттой шийдвэр байсан. Уг зорилтын хүрээнд цайны газар ямар байх ёстой, тэр бүх л болзол шаардлагыг хангаж ажилласан. Гэвч нэг л өдөр манай цайны газрын үйл ажиллагаа явуулж байгаа газрын зөвшөөрлийг өөр айлд олгосон гэдгийг мэдсэн.
-Та уг газраа хуулийн дагуу эзэмшиж, ашиглах хүсэлтээ гаргаж байсан уу?
-Цайны газрынхаа үйл ажиллагааг явуулж эхэлснээс хойш би уг газраа эзэмших, ашиглах хүсэлтээ дүүргийнхээ газрын алба болон тухайн хорооны Засаг даргад удаа дараа бичгээр гаргаж өгсөн боловч Баянгол дүүргийн газрын алба газар эзэмших, ашиглах эрх зүйн акт гарахгүй байгаа гэсэн шалтгаанаар миний хүсэлтийг байнга хойшлуулж байсан. Мөн тухайн газраа эзэмшиж ашиглах, өмчлөх хүсэлтэй байгаагаа тухайн дүүргийнхээ Засаг даргад ч хандаж үзсэн боловч шийдвэрлэж өгөөгүй.
Гэтэл манай урд талын айл манай газрын эзэмшигч, өмчлөгч нь болчихсон байсан. Би тухайн дүүрэг, хороодын эрх бүхий албан тушаалтангуудад газар эзэмших хүсэлтээ удаа дараа гаргаж байсан ч манай газрын асуудлыг шийдвэрлэж өгөөгүй атлаа манай хашааны урд талын айлд манай газрыг эзэмших болон өмчлөх эрхийг олгочихсон байгаа юм.
-Та уг газартаа холбогдох албаны хүмүүсийн зөвшөөрлөөр цайны газар барьсан байтал яагаад таны газрыг танд өгөөгүй өөр хүнд өгчихсөн юм вэ?
Миний нэр дээрх газрыг манай урьд талын хашаанд амьдардаг залуу хууль бусаар газрын албаныхантай хуйвалдан өөрийнхөн нэр дээр болгосон байсан.
Манай хашаа, объекттой газар байсаар байтал хоосон юм шиг кадастрын зураг үйлдээд, дээр нь газрын албаны зохих байгууллага, эрх бүхий этгээдүүдээр дэмжигдээд тэр газрыг өөрийнхөө нэр дээр захирамж гаргуулчихсан байгаа юм.
-Ингээд танд шүүхэд хандахаас өөр гарц үлдээгүй байжээ?
-Тийм ээ. Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/364 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг би Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Нийслэлд захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг анхан шатны шүүх ганц л байдаг. Ингээд л харьяалах шатны шүүх буюу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
– Таны хэрэг маргааныг захиргааны хэргийн шүүх хэрхэн шийдвэрлэв?
-Миний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгааг шүүх тогтоож, манай газрыг өөр айлд олгосон эрх бүхий захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагааг тогтоож өгсөн.
Ингээд шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр эрх бүхий албан тушаалтангууд газрын хууль тогтоомжтой холбоотой, анхан шатны хууль, дүрэм журам биелүүлээгүй болох нь хэргийн газрын үзлэг, агаараас авсан зураг, бусад нотлох баримтуудаар харьцуулагдан илрэн тогтоогдсон.
Шүүхийн шийдвэр захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагааг таслан зогсоож, хууль бусаар газрыг маань авсан талын газар эзэмших эрхийг цуцалж, миний нэр дээрх газрыг сэргээж өгөх шүүхийн тогтоол гарсан.
Төрийн захиргааны байгууллагад өөрт нь буюу буруу гаргасан эрх зүйн актаа нягтлан шалгаж, залруулж болох атал заавал захиргааны хэргийн шүүхээр хянуулах гэж, эцэслүүлэх гэж, цаг хугацааны хувьд ч гэсэн иргэдийг ийнхүү хохироож байж болохгүй шүү дээ. Төрийн захиргааны байгууллага буруутай үйл ажиллагаа явуулсан, хууль бус шийдвэр гаргасан бол шүүх рүү биш, эхлээд өөрсдөө залруулж байдаг баймаар байгаа юм.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх шударга үнэнийг дэнсэлж, энэ хэрэг маргааныг үнэн, мөнийг эцэслэн шийдвэрлэж өгсөн. Тус шүүхийн хамт олонд баярлаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Хос-Эрдэнэ