Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Дэлхийн банкны дэргэдэх Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Ази, Номхон далайн бүсэд хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаа хариуцсан захирал Чин Чанг Лайг тэргүүтэй төлөөлөгчдийг хүсэлтийн дагуу 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Дэлхийн банк группын Монгол дахь төслийн удирдагч н.Батмөнх, хуулийн зөвлөх Ж.Нарантуяа болон бусад албаны хүмүүс байлцав.
Уулзалтаар Олон улсын санхүүгийн корпорациас Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах, шүүгч, хуульчдыг сургах төслийг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан санал солилцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлэхдээ дампуурлын эрх зүйн орчинг нийгэм, эдийн засаг, бизнесийн шаардлагад нийцүүлэн сайжруулах шаардлагатай байгааг дурдаад дампуурлын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэх, шүүгч, эвлэрүүлэн зуучлагчдыг сургах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС