Эмчид чимхүүлж хөхөрсөн эсэхийг шинжилгээгээр тогтооно гэв

14542701_1188785021188765_1432309283_n
Төрөх дөхсөн эмэгтэйг түргэний эмч базаж, чимхэн хөхрүүлсэн гэх үйл явдлын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Өргөө амаржих газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
Хэвлэлийн бага хуралд НЭМГ-ын Мэргэжлийн удирдлага, бодлого, зохицуулалтын хэлтсийн /МУБЗХ/  дарга Т.Хулан, Нийслэлийн Түргэн тусламжийн төв /НТТТ/-ийн дэд захирал С.Ариунболд, НЭМГ-ын Эрсдлийн удирдлага, гамшиг, онцгой байдлын үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Тэгшбаяр, чимхсэн гэх тус төвийн эмч Г.Алтанчулуун, Өргөө амаржих газрын эмч А.Ганчимэг нар оролцов.
Энэ сарын 27-ны өдөр болсон үйл явдлын талаар НТТТ-ийн дэд захирал С.Ариунболд “Төрөх дуудлага өглөөний 10.57 минут 55 секундэд ирсэн бөгөөд 2 минутын дараа эмчид шилжүүлж, 11.07 цагт түргэний эмч очсон. Мэдээллийн хэрэгслээр гарсан шиг дуудлага 30 минут хоцорсон зүйл байгаагүй. Үзлэгийг 5-8 минутын дотор хийж, 11.30 цагийн үед эхийг Өргөө амаржих газар хүргэсэн” гэв.
Чимхсэн гэх эмч Г.Алтанчулуун “Намайг дуудлагаар очиход тухайн эмэгтэй шалан дээр өвдөглөж суугаад хоёр өвдгөн дээрээ гараа тавьсан байдалтай байсан. Үзлэг хийхэд 4-5 минутын зайтай өвдөлт өгч байсан. Эмнэлэгт хүргэж болохоор байсан учир авч явсан. Хэрэв шаардлагатай бол би эхийг төрүүлж, эх барьж авах бүрэн боломжтой. Түргэний тэргэн дотор 4-5 удаа өвдөлт өгсөн. Дуудлага хүлээн авсанаас 20-иод минутын дараа эмнэлэгт очиж төрөх тасагт хүлээлгэн өгсөн. Эмнэлэгт хүргэж байх явцад базаж, чимхсэн асуудал байхгүй” гэлээ.
Түргэн тусламжийн төвд өдөрт 1000-1200 дуудлага ирдэг. Эдгээрийн 8.5-9 хувь нь төрөх дуудлага байдаг бөгөөд он гарсаар 88 эх гэртээ болон машинд төржээ. Өмнө нь амаржих гэж байсан эхийг базаж, чимхсэн асуудал гарч байгаагүй гэж дээрх албаны хүмүүс хэлж байв.
Өргөө амаржих газрын эмч А.Ганчимэг “Эхийг хүлээн авахад төрөлтийн хоёрдугаар шатанд орсон байсан. Хүлээн авахын орон дээр гарахад эх дүлэлт өгсөн. Үзлэг хийхэд дүлэлт өгсөн байсан учраас хүүхдийн толгой нь цухуйж эхэлсэн. Тиймээс төрөлт үзлэгийн өрөөнд эхлүүлж, эх, хүүхэд эсэн мэнд амаржсан. Үзлэг хийхэд гуя орчим нь улайж хөхөрсөн байсан. Эхээс юу болсон талаар асуухад түргэний эмч чимхсэн гэсэн хариулт өгсөн” гэв.
НЭМГ-ын Мэргэжлийн удирдлага, бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Т.Хулан “Энэхүү хурлын зорилго нь эмчийг буруутгах эсвэл амаржсан эхийг буруутгах биш. Харин болсон үйл явдлыг цаг минуттай нь мэдээлэх юм. Түргэний тэргэнд явж байхдаа эмчид чимхүүлэн  хөхөрсөн эсэхийг шүүхийн шинжилгээгээр тогтоолгоно” гэлээ.
Мөн Г.Алтанчулуун эмчид хариуцлага тооцно гэсэн мэдээлэл ташаа бөгөөд шүүхийн байгууллагаар энэ хэргийг шийдүүлэх аж.
Г.Даваамаа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …