Хайртай эмэгтэйгээ байгаагаар нь хайрлаж, хүндэлдэг
Тэд хайртай хүнийхээ зөвхөн гадаад үзэмж, ааш зангаар зогсохгүй бүх л зүйлийг нь хайрладаг. Цаг хугацаа өнгөрсөн ч хамтрагчийнхаа жинхэнэ мөн чанар, дотоод гоо сайхныг нь улам ихээр хайрлаж, яг л хатагтай мэт хүндэлдэг. Хайртдаа дуртай хоолыг нь хийж өгөх, сайхан зоогонд урихаас хэзээ ч татгалздаггүй бөгөөд өөрөө ч бас яг тийм хайр хүндлэлийг хүсэмжилдэг байна.
Үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарладаг
Тэд хайр дурлалын харилцааг эрүүл, тогтвортой авч явахад ихээхэн хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг мэддэг бөгөөд хамтрагчдаа маш үнэнч байж чаддаг. Харилцаагаа бүрэн нээлттэй, бат бөх байлгахад анхаарч, хамтрагчтайгаа нэг баг мэт нэгдмэл байхыг эрхэмлэдэг. Бүрэн итгэл даахуйц бөгөөд хайртай бүсгүйгээ ч бас тийм байгаасай гэж хүсдэг.
Үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг
Хэрэв тэд зарим зүйл дээр санал нийлэхгүй байгаа бол түүнийгээ тайван бөгөөд итгэлтэйгээр илэрхийлдэг. Тэд хайртай хүнийхээ санаа бодлыг сонсохын зэрэгцээ өөрийнхөө байр суурийг ч бас илэрхийлсний дараа дүгнэлт хийж, шийдвэр гаргах эрхийг түүндээ олгодог. Үргэлж “За” гэдэг эрийг жинхэнэ эр хүн гэдэггүй. Гэхдээ энэ бол түрэмгий зан авираас огт өөр ойлголт юм.
Хайртай хүнээ үргэлж хамгаалдаг
Өөрийнх нь эмэгтэйд тусламж хэрэгтэй болсон үед тэд хэзээд бэлэн байдаг. Жинхэнэ эрчүүд хайртай бүсгүйгээ санхүүгийн хувьд хангалуун байлгахаас гадна сэтгэл санааг нь ч үргэлж тайван байлгахыг хичээдэг. Мөн хамтрагчаа хамгаалахын тулд зарим тохиолдолд нударга зөрүүлэхээс ч буцахгүй. Гэхдээ тэд бодлогогүй үйлдэл бараг хийдэггүй учраас бүх зүйлийг нарийн тооцоолсны дүнд хөдөлдөг. Бас хүн бүртэй найрсаг харилцахыг хичээдэг.
Тун шийдэмгий бөгөөд ул суурьтай шийдвэр гаргадаг
Жинхэнэ эр хүнийг илтгэх гол шинжүүдийн нэг бол шийдэмгий зан чанар билээ. Гэхдээ шийдэмгий байна гэдэг нь өөрийн санаа бодлоо бусдад тулгана гэсэн үг биш. Тэд аливаа шийдвэрийг гаргахдаа бусдын санаа бодлыг ч бас харгалзан үзэж уян хатан ханддаг бөгөөд нөхцөл байдлыг сайжруулахын тулд олон талыг харгалзан үзэж, ул суурьтай шийдэлд хүрэхийг эрмэлздэг. Ихэнх эмэгтэйчүүд зоригтойгоор шийдвэр гаргахаас эмээдэг, хулчгар эрчүүдэд дургүй байдгийг санаарай.
Өөрийнхөө гаргасан шийдвэр болон үйлдлийг бүрэн хариуцдаг
Тэд өөрөө алдаа гаргасан үедээ биеэ өмгөөлөх эсвэл хамтрагчаа буруутгахыг оролддоггүй. Харин шударгаар буруугаа хүлээж уучлалт гуйгаад, алдаанаасаа суралцаж дахин давтахгүй байхад анхаардаг. Үнэхээр уучлалт гуйх шаардлагатай үед ийнхүү хүлцэл өчих нь үнэ цэнээ алдаж буй хэрэг бус харин ч эр хүний ноён нуруутай зан чанарын илэрхийлэл гэдгийг тэд сайн мэднэ.
Хайртыгаа бүх талаар сэтгэл хангалуун байлгадаг
Жинхэнэ эрчүүд хайр сэтгэлийн харилцаа зөвхөн сексийн харилцаагаар хэмжигдэхгүй гэдгийг сайн мэддэг. Тэд хайртынхаа чихэнд халуухан үгс шивнэж, орой гэртээ ирээд ирээдүйн тухай гайхалтай яриа өрнүүлж, хошин наргиа байдлыг ч бас орхигдуулдаггүй. Тэд мэдлэг, мэдрэмж, үйл хөдлөл гээд бүх л зүйлийг тэнцвэржүүлэн амьдралаа хөтөлж явуулах чадвартай байдаг.
Ямагт санаачлагыг гартаа авч, удирдан чиглүүлдэг
Мэдээж хайр сэтгэлийн харилцаанд хоёр хүн хоёулаа чухал үүрэгтэй ч эр хүн ихэвчлэн удирдах байр суурьтай байдаг. Тэр тусмаа жинхэнэ эрчүүд аливаа асуудал бэрхшээл тулгарсан үед бүсгүйгээсээ урьтаж шийдлийг олохоор мэрийдэг. Бас ганцаараа шийдэх боломжгүй үед зөвлөгөө авахад хэзээд бэлэн байдаг. Зарим хүмүүс шүүмжлэлд өртөхөөс эмээж санаачлагыг гартаа авахаас зайлсхийдэг бол жинхэнэ эрчүүд “Би зохицуулчихъя” гэсэн уриатай байдаг ажээ.
Бусдын сөрөг хандлагаас харилцаагаа өмгөөлдөг
Гэр бүл, найз нөхөд, танилын хүрээний хэн нэгэн нь тэдний хайр дурлалын харилцааг үгүйсгэж, сөрөг үгс хэлэх үед жинхэнэ эрчүүд харилцаагаа өмгөөлж хамгаалахад бэлэн байдаг. Учир нь тэд амьдралаа бүрэн хариуцдаг төдийгүй өөрийнхөө амьдралыг бусдаар шийдүүлэх ёсгүй гэдгээ мэддэг. Тиймээс хайртай бүсгүй болон аз жаргалтай харилцааг нь үгүйсгэсэн хандлагыг ухамсартайгаар зогсоож чаддаг.
Хайртай хүндээ хувийн орон зай, цаг хугацааг олгодог
Хос хоёрт бие биедээ зориулах цаг байхад бас ажил төрөл, найз нөхөд, хобби гэх мэт өөртөө гаргах цаг хугацаа ч байдаг. Энэ бүхнийг ойлгож, хайртдаа цаг зав олгох нь жинхэнэ эр хүний үүрэг юм. Тэд өөрөө ч бас амжилт бүтээлийн оргилд хүрэхээр тэмүүлдэг учраас хувийн орон зайгаа орхигдуулдаггүй. Жинхэнэ эрчүүд бол хамгийн ухаалаг, өөртөө итгэлтэй, шийдэмгий, хүчирхэг хүмүүс юм!