Г.Сарантуяа: Шүүхдээ ширээ сандал олох гэж бүгд зүтгэж байлаа

1475652052_01

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 20 жилийн ойтойгоо золгож, ажиллах орчин нөхцлөө өөрсдийн хэмжээнд бүхий л бололцоогоор өнгөлөн торджээ. Шүүхийн үүд хаалга, гэрлийн шон, ажилтнуудын шинэ загварын дүрэмт хувцас, шүүхийн байр байшингийн өнгө засал, иргэдэд зориулсан зайн талбайн дотоод шийдлүүд зэрэг нүдэнд торох ажлуудыг Тамгын газрынхан гар хамхилгүй амжуулж чадсандаа сэтгэл хангалуун харагдана.

 Дөрвөн шүүгч, нийтдээ 22 хүний бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяатай ярилцлаа.

– Хэдхэн хоногийн өмнө танай шүүхийн 20 жилийн ой тохиолоо. Тэр бүр амсхийх завгүй шүүгч, ажилттнууд энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг юм бэ?

– Миний тухайд 1996 оноос шүүгчээр ажиллаж байна. Төв аймгийн Сум дундын шүүхэд таван жил шүүгчээр ажиллаад энд ирсэн. Эндээ 15 жил шахам жил шүүгчээр ажиллаад 2014 оноос Ерөнхий шүүгч болсон. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийнхээ 15 жилийн ойд оролцож байлаа. Одоо 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Шүүхийнхээ түүхийг бүтээлцэж байгаадаа баярлаж, бахархаж явдаг хүмүүсийн нэг нь би. Шүүх бол ажил мэргэжлээрээ гоёж, ойн арга хэмжээ зохион байгуулахдаа өөрсдийнхөө хүчинд л тулгуурладаг шүү дээ. Сайхан дуулдаг, бүжиглэдэг хүмүүсээрээ дуулуулж, бүжиглүүлнэ. Өөрсдийнхөө хэмжээнд хүлээн авалт зохион байгуулж үе, үеийн шүүгчдээ урьж залуу үедээ сургамжаа хэлэх боломжийг нь олгодог. Анхны ерөнхий шүүгч Б.Одонцэцэг маань шүүхийнхээ талаар “Цаасан дээр байгуулагдсан шүүх” гэж ярих дуртай. 1996 онд шүүгч болчихоод 2001 онд энд ирэхэд ажиллах орчин тааруу, муу байранд ажиллаж байсан. Шүүхдээ нэг сандал, ширээ олчих юмсан гэж бүгд л зүтгэж байлаа. Сандал, ширээг нь хүртэл цуглуулж өөрсдийнхөө хүчээр шүүхээ байгуулж байсан гэвэл хүмүүс одоо итгэхгүй. Б.Оюундарь шүүгч маань Сэлэнгээс хоёр шуудай хэрэгтэй ирээд эндээ тасалж байсан тухайгаа дурсамж номондоо бичсэн байдаг. Залуу сайхан нас, амьдралаа энэ шүүхэд зориулсны хувьд шүүхээрээ гоёохоос аргагүй. Эргээд 20 жилийн өмнөхийг харахад өдөр, шөнө шиг ялгаатай дүр зураг харагдаж байна. Шүүхийн шинэтгэлийн энэ үед орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан тохилог шүүхэд ажиллахад шүүгч шүүн таслах ажиллагаандаа л анхаарлаа хандуулахаас аргагүй. Энэ утгаараа шүүхийн нүүр царайг их л өөдрөгөөр харж явдаг.

-Танай шүүх дагнаж ажиллаагүй цөөн шүүхийн нэг. Гэвч дагнаж ажиллах боломжийг эрэлхийлээд үзсэн гэсэн?

– Шүүгчийн мөрөөдөл болсон дагнаж мэргэших үйл ажиллагаа шүүхийн шинэтгэлийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн. Манай шүүхийн тухайд улсын хэмжээнд дагнаж мэргэшээгүй байгаа найман шүүхийн нэг. Шүүгч дагнаж мэргэших нь шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөөнд маш чухал ач холбогдолтой. Манай шүүгчид хоёр, хоёроороо эрүү, иргэний хэргээр дагнаж ажиллахаар санал гаргаж, шүүгчийн зөвлөгөөнөөр хэрэг хуваарилах журам, даргалагч томилох зэрэг асуудлыг маш нарийн ярилцаж байж шийдвэрээ гаргасан. Гэвч шинэчлэн баталсан Эрүүгийн хууль долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх байсантай холбогдуулаад шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд өөрчлөлт оруулж, одоо урьдынхаараа ажиллаж байгаа. Уг нь шүүгчид дагнаж ажиллахад шүүхийн шийдвэрийн чанарт эерэг өөрчлөлт гарсан. Нэг зүгт харж, нэг хуулиа хэрэглэх нь ажилд дөхөмтэй байгааг шүүгчид ч ярьж байсан. Шүүгчид дагнаж ажилласнаараа ажилд ямар нэгэн хүндрэл гараагүй. Тиймээс шүүгчид дагнаж ажиллах нь зөв юм байна гэдэг саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. Дөрвөн шүүгчтэй шүүхэд нэг шүүгчийн орон тоо нэмэхэд л дагнасан байдлаар ажиллах боломжтой нь эндээс харагдсан.

-Нэг үетэй харьцуулахад шүүгч шүүх хуралдааны танхимд камерын доор шүүн таслах ажиллагаа явуулдаг боллоо. Шүүхийн шийдвэр сайтад тавигддаг болсон. Шүүгчийн мэргэжил, хариуцлага, ёс зүйн шаардлага тэр хэрээр өндөрт тавигдаж байгаа тухайд та юу хэлэх вэ?

-Шүүгч нэг хэрэг шийдэхийн тулд маш их энерги зарцуулдаг. Үзэгний үзүүрээр хүний хувь заяаг шийдвэрлэдэг учраас нухацтай хандахаас аргагүй. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, олон улсын гэрээ конвенцийг зүйл заалт бүрээр нь харж байж шийдвэрээ гаргадаг. Тиймээс ч шүүгчийн цалин ажлынх нь үнэлэмж гэж боддог.

– Шүүгчдэд оюуны хөрөнгө оруулалт хийх, сургалт зохион байгуулах, ном товхимолоор хангах ажил ямар түвшинд байгаа вэ?

-“Шүүх эрх мэдэл” сэтгүүлээр жишээ татахад хангалттай мэдээлэл авч, бусад шүүгчдээсээ туршлага судалж байна. “Шударга ёсны хэмжүүр” нийтлэлд хууль хэрэглээний талаар өөрийнхөө нийтлэлийг хэвлүүлж, бусдад туршлага судлах боломжийг олгосон. Ер нь шүүгч байнга уншиж, судлах шаардлагатай.

– Шүүхэд сэтгэлтэй хүн л ажилладаг, жинхэнэ ажилтан болоход хугацаа хэрэгтэй гэж шүүгчид ярьдаг. Таны хувьд?

-Шүүхийн хүн бусадтай харьцуулахад “өөр” хүн байдаг. Тэр гэж хэлэхийн аргагүй ч өөр хүн байдгийг мэдэрдэг. Шүүхийн захиргааны ажилтнуудыг ажилд авахдаа хүртэл өндөр шалгуур тавьдаг. Шүүхийн захиргааны ажилтнууд цалин бага учраас тогтвор суурьшил муутай. Тэр олон хүнээс шүүхийн хүнийг шилж, сонгоод авна гэдэг хэцүү. Ажиллаж эхлээд шалгуурт нь нийцэхгүй хүмүүс удахгүй гараад явчихдаг. Шүүх олон нийтийн хараа хяналтад байдаг учраас захиргааны ажилтнуудаас өндөр ёс зүй шаарддаг. Тухайн ажилтныг овог нэрээр нь мэдэхээс илүү шүүхийн ажилтан гэж иргэд ярьдаг. Тиймээс “Шүүхэд орж байгаагаа нэр хүндийн хэрэг гэж бодоорой. Та бүхэн шүүхийн нүүр царай шүү. Ажлын бус цагаар ч өндөр ёс зүй сахихыг шаарддаг онцлогтой” гэж ажилтнууддаа шүүгчийн зүгээс байнга захидаг. Манай шүүхэд орж ажилласан залуус маш сайн төлөвшдөг. Эндээс гараад өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр нэр хүндтэй ажилладаг. Өөр салбаруудад ч манай залуус үр бүтээлтэй ажиллаж байгаа. Манайд байсан жолоочийг ажлаасаа гарахад л байгууллагууд хариуцлагтай гээд булаацалдаад авах жишээтэй.

Үүнээс гадна шүүхийн захиргааны ажилтнуудыг сэлгээд явуулдаг биш мэргэшүүлэх шаардлагатай.

Г.Сарантуяа: Шүүхдээ ширээ сандал олох гэж бүгд зүтгэж байлаа -Тахарын албыг татан буулгаснаар цагдаагийн байгууллага чиг үүргийг нь хэрэгжүүлж байгаа нь бодит байдал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Тахарын албыг татан буулгасан нь шүүхийн шинэтгэлийн ухралт болсон гэж үздэг. Хуулийн дагуу Тахарын алба шүүхэд нэлээдгүй их үүргийг гүйцэтгэж байсан. Тахарын алба татан буугдсанаар тэнд ажиллаж байсан алба хаагчид цагдаагийн байгууллагад харьяалагдаж, урьдын адил чиг үүргээ хэрэгжүүлж байгаа. Одоохондоо шүүхээ мэддэг, туршлагатай алба хаагчид ажиллаж байгаа учраас ямар нэгэн асуудал гараагүй. Тахарын албанд байсан залуучуудын оронд өөр хүмүүс ажилласан бол асуудал гарч болзошгүй байсан. Учир нь Тахарын албаны ажилтнууд маш сайн бэлтгэгдсэн.

-Төсвийн тодотголоор шүүгчийн цалингийн асуудал УИХ-ын түвшинд багагүй яригдлаа. Тангараг өргөсөн шүүгчийн хувьд танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Шүүгчийн цалингийн асуудал үе, үе сөхөгдөхөд эмзэглэж хүлээж авдаг. Хэдхэн жилийн өмнө шүүгчийн цалин бага байсан. Тэглээ гээд нэр хүндтэй ажлаа цалгардуулж яваагүй. Цалин хөлстэйгээ холбож ч бодож байгаагүй. Хуулийг сахиулахын төлөө үнэнч, шударгаар ажиллаж ирсэн. Шүүгч Монгол төрийн хөгжил дэвшлийн баталгаа. Үнэнч, шударга шүүхтэй байх нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа болдог. Цаашлаад хууль тогтвортой байж гадны хөрөнгө оруулалтыг татаж, улс орон хөгжинө гэж боддог. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Шударга ёс үнэ цэнэтэй” гэж ярьж байсан. Энэ утгаараа Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангахын төлөө алсыг харсан, улс орныхоо хөгжилд ахиц болох эдийн засгийн баталгааг эхлүүлсэн.

Г.Сарантуяа: Шүүхдээ ширээ сандал олох гэж бүгд зүтгэж байлаа -Шүүгч, шүүхийн ажилтнуудын орон байр, ахуй хангамж ямар түвшинд байна вэ?

-Шүүхийн захиргааны ажилтнууд тогтворгүй байгаагийн гол шалтгаан энэ. Манайх шүүхийн мэдлийн нэг байртай. Нэг өрөө байранд Говь-Алтайгаас шилжиж ирсэн шүүгч амьдардаг. Залуучууд маань хөлсний байр дамжаад л амьдардаг. Авдаг цалин нь бага, хөлсний байрны түрээс төлнө гэх мэтчилэн хүндрэл бий. Шүүхийн захиргааны ажилтнуудаа тогтвортой ажиллуулахын тулд ахуй хангамжид нь анхаарах шаардлага байна. Манай шүүхийн зургаан хүүхэдтэй, эхнэр нь удахгүй амаржих цэл залуухан шүүгчийн өнөр өтгөн гэр бүл хөлсний байр дамжаад амьдарч байгааг харахад сэтгэл эмзэглэдэг. Шүүх маань байртай бол шүүгчийнхээ гэр бүлийг оруулчихаад, сэтгэл амар байх юмсан гэж боддог. Энэ мэтчилэн шүүх бие даан ажиллана гэдэг бусдын мэдэхгүй зовлон бэрхшээл ихтэй. Гэвч шүүхийн шинэтгэлийн ирээдүйг чиглэсэн том зорилго, ололт амжилтад бид итгэл төгс байдаг.

-Хорин жил ажиллах хугацаандаа шүүгчийн мэргэжлийнхээ үнэ цэнийг хамгийн их мэдэрсэн дурсамж байгаа нь гарцаагүй. Ажлаасаа халширч шантрах үе байсан уу?

-Ер нь ажлаасаа халширч яваагүй юм байна. Эрүүгийн хүнд хэрэг шийдээд гарахад зарим хүн элс шороо цацаад л, элдвээр хэлээд үлдэхэд тоодоггүй байлаа. Харин сүүлийн 2 жил шүүгчдээ Тахар нь хамгаалаад гэр оронд нь хүргээд өгчихдөг болоод байсан. Урьд нь байшингийн сүүдэр дагаж гүйгээд л гэртээ орох үе бишгүй л их байлаа. Шүүх бүрэлдэхүүнд орсон гурван шүүгч гарч гүйгээд цагдаагийн хэсгийн байрны сүүдэрт нуугдаж байгаад гэр, гэр рүүгээ гүйчихэж байсан дурсамж бий. Тэгж л эр зоригоороо шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байсан түүх Монголын шүүхэд бий.

Г.Сарантуяа: Шүүхдээ ширээ сандал олох гэж бүгд зүтгэж байлаа

-Иргэдэд хэр нээлттэй ажиллаж байна вэ?

-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 1996 оны есдүгээр сарын 26-ны өдөр Хөтөл хотод төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Орон нутагтаа таван сум хариуцан шүүн таслах ажиллагаагаа эхлүүлж байлаа. Одоогийн байдлаар манай шүүх дөрвөн шүүгч, дөрвөн туслах болон Тамгын газрын дарга, захиргааны 12 ажилтантайгаар ажиллаж байна. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн багц хуулийг сурталчлах, шүүхийг олон нийтэд нээлттэй байлгах талаар нэлээдгүй олон ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, харъяаныхаа таван сумын иргэдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг сонсч, хууль сурталчилж ажиллалаа.

-Хэргийн ачаалал ямар байна? Орон нутагт ямар хэрэг ихэвчлэн гардаг вэ?

-Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 52 хүнд холбогдох 42 Эрүүгийн хэрэг, 219 иргэний хэрэг шийдвэрлэж, 70-аад захиргааны арга хэмжээ авч ажиллалаа. Орон нутгийн онцлогоос шалтгаалаад гарч байгаа хэргийн ихэнх хувийг авто осол, хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Шүүхээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи иргэдэд чиглэсэн багагүй ажлыг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд зохион байгуулдаг. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сумдад сурталчиллаа.

-Ярилцсанд баярлалаа

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …