Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эмнэлгийн байгууллага, хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй, гарал үүсэл нь тодорхой, боломжийн үнэтэй эм, эмнэлгийн хэрэгслээр тогтвортой хангах, шаардлагатай нөөцийг тасалдалгүй ханган ажиллаж байгаа эм зүйч, эм найруулагч нарт “Эм холбоо” ТББ үүсэн байгууллагдсаны 20 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Эм хангамжийн салбарын удирдах ажилтны зөвөлгөө”-нд төрийн нарийн бичгийн дарга, эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд, эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг нар оролцон Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат баяр хүргэж талархал илэрхийлэв.
Эмийн талаар төрөөс баримтлах бодлого 2014 онд шинэчлэгдэн батлагдаж эм хангамжийн салбарын цаашдыг чиг хандлагыг тодорхойлж, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, хэрэглэх, хянах төрийн зарим чиг үүрэг үйл ажиллагааг зохицуулахад төрийн бус, мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байна. Тухайлбал төрийн бодлого, холбогдох хууль тогтоомж боловсруулах, санал авах, хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт үнэлгээ, шалгалт хийх, эм зүйч, эм найруулагч нарыг сургалтанд хамруулах, сургагч багш бэлтгэх, шинжээчээр ажиллуулах, үзэсгэлэн зохион байгуулах гэх мэт ажлуудыг хамтран гүйцэтгэж байна.
Төр хувийн хэвшлэлийн түншлэлийн харилцааг сайжруулах хүрээнд эм хангамжийн салбарын мэргэжилтнүүд төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг хийж цаашид яамны бодлого төлөвлөлтөд оруулах санал, эм хангамжийн салбарын хамтран ажиллах төлөвлөгөөг албан ёсоор хүлээлгэн өглөө.