Олсон хүний олз, хаясан хүний гарз гэдэг. Гудамжаар явж байгаа 5000 төгрөг олвол ингэж хэлэхээс өөр аргагүй. Харин өмсөлгүй удсан хуучин хувцсаа хаях гээд халаасыг нь санаандгүй ухтал аль эрт хийгээд мартсан 10 мянгат гараад ирвэл гарч гэх үү олз гэх үү хэлэхэд хэцүү. Ямар ч тохиолдолд олсон хүн баярлаж баяждаг. Зарим олдвор олсон хүнээ огцом, санаанд оромгүй баяжн болгодог. Мэдээж ийм тохиолдол цөөн тэр бүр тохиолдоод байдаггүй. Эзнээ хамгийн ихээр баяжуулсан топ 10 олдворыг сонирхуулъя.
63 000 ам.долларын үнэтэй халимын бөөлжис
Дэлхийн хамгийн том хөхтөн амьтан болох халимны бөөлжсийг амбра гэдэг. Энэ бөөлжис нь далайн шорвог ус, нарны туяан доор хувиран өөрчлөгдөж хатаж далайн давалгаанд туугдсаар ирэг дээр шидэгддэг. Абмра нь маш ховор бөгөөд үнэрийг маш удаан хугацаагаар хадгалах чадвартай болохоор асар үнэтэй бөгөөд үнэртэй, ус сүрчигний үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг. Нэг грамм амбра ойролцоогоор 20 ам.долларын үнэтэй хөвөг алт гэж нэрлэх нь ч бий. Австралийн Леон Райт гэгч залуу эхнэрийн хамт далайн эргээр салхилж яваад 14,75 кг амбра олжээ. Халимны бөөжлсөө амжилттай зарж 63 мянган ам.доллартай болсон байна.
306 каратын хаан опал буюу гэрэлт чимэд чулуу
Австралийн Бобби нэрт уурхайчин тэтгэвэрт гарахын өмнөх сүүлчийн өдрөө 306 карат жинтэй опал чулуу олсон нь хожим “The Royal One” гэсэн нэрээр алдаршсан юм. Бобби чулуу олсон уурхайд бүх насаараа ажилласан нэгэн байсан бөгөөд чулуу бараг л гадарга дээр шахуу байсныг ололгүй тэгэж олон жил ажилласандаа гайхсан гэдэг. Ийм хэмжээтэй, цэвэр утнгалаг опал чулуу 1930-аад оноос хойш олж байгаагүй болохоор олдвор их дуулиан тарьсан нь мэдээж. Ийм чанартай опалын нэг карат нь 2500 ам.доллар байсан болохоор өнгөлч, цэвэрлэсний дараа уурхайчин Бобби зараад 765 мянган ам.доллартай болжээ.
1,6 сая ам.долларын үнэтэй англо-саксын алт, мөнгөн зоос
Бүх сэтгэл зориулсан хобби заримдаа эзэндээ асар их орлого оруулах нь бий. Ажилгүйдлийн тэтгэлгийн мөнгөөр гол зогоож амьдралаа өнгөрөөсөн орон гэргүй, ажилгүй нэгэн нөхөр том хайгчаар элдэв зүйл хайх дуртай нэгэн байжээ. Ингэж хайхдаа үнэхээр дуртай бөгөөд ажилгүй, орон гэргүй тул амьдралынхаа 18 жилийг металл хайгчаар элдэв зүйл хайж өнгөрөөжээ. Нэгэн дудаа тэрээр АНУ-ын Үндэсний түүхийн музейн талбайд сурсан зангаараа юм хайж яваад англо-саксын үеийн 1000 ширхэг алтан ба мөнгөн зоос хийсэн авдар олсон байна. Эд зүйлсийг түүхчид нийтийн он тооллын долдугаар зууныг гэж тодорхойлоод 1,6 сая ам.доллараар үнэлсэн байна. гэхдээ алт мөнгөтэй авдрыг АНУ-ын Засгийн газрын мэдэлд байдаг талбайгаас олсон тул хууль зүйн үүднээс бүх зоос Засгийн газрынх болж таарчээ. Гэхдээ Засгийн газар өгөөмөр зан гаргаж олзыг дуудлага худалдаагаар оруулж зараад мөнгөний талыг нь олсон хүнд өгсөн байдаг.
Хоёр сая ам.долларын үнэтэй 1974-D пенни
1974 оны ердийн 1-тийн пенни 1 центийн үнэтэй. Гэхдээ 1974 онд үйлдвэрлэсэн 1974-D пенни бол хоёр сая ам.доллар хүрнэ. Роберт Лоуренс гэгч нь Денвер хот дахь АНУ-ын Мөнгөний үйлдвэрийн байгууламж хариуцсан даргын орлогчийн хүү байжээ. Эцгийгээ өөд болсны дараа зоосон мөнгөний багахан шиг цуглуулгыг өвлөн авав. Удалгүй Роберт Денверээс өөр хот руу нүүсэн бөгөөд нүүдэл суудал болж байхдаа зоосны цуглуулгыг ор тас мартаж орхиж. Иймд цуглуулга нь машин дотор нь олон сар тоосонд дарагдан хэвтжээ. Нэг сайхан нартай өдөр Роберт цуглуулгыг санамсаргүй олж хараад мэргэжлийн шинжээчид үзүүлтэл цаадах нь 1974-D пенни олж хараад сэтгэл нь асар их догдолсон байна. Роберт энэ пеннийг их бодож л 300 ам.доллар хүрэх байх гэж бодож байтал тийм биш болж таарав. Энэ пенни нь цэвэр хөнгөн цагаанаар хийгдсэн. Хөнгөн цагаан зоос нь автотмат төхөөрөмжинд хийхэд тохиромжгүй болохоор олноор үйлдвэрлэх шаардлагагүй гэж үзээд ердөө 10 ширхэгийг хийгээд устгасан юм байжээ. Гэтэл нэг нь ийнхүү азаар бүтэн үлдэж зоос цуглуулагчид хоёр сая ам.доллараар худалдан авчээ.
Хоёр сая ам.долларын үнэтэй “Action Comics #1”
“Action Comics #1” –ийг бүх цаг үеийн хамгийн үнэтэй комикс буюу зурагт ном гэж үздэг. Комиксыг анх 1938 онд хэвлэн гаргасан бөгөөд Супермэн гэдэг баатар хамгийн анх энд гарсан түүхтэй. Миннесотта хотын нэгэн оршин суугч хуучин байшин 10 мянгаар худалдан аваад засч янзлан өөд татаад илүү үнэ хүргэн зарахаар болж засвар хийжээ. Гэтэл хананд гарсан нэгэн цуурхайг битүүлж байгаад “Action Comics #1”-ийг олох нь тэр. Комиксыг тэр даруй дуудлага худалддаагаар оруулж 100 мянган ам.доллараар заржээ. Хэрэв комиксын хавтас, доторх хуудсууд нь дэндүү элгэдэж үрчийн салмараагүй байсан бол Америкийн комикс цуглуулагчид ямар ч эргэлзээгүй шууд хоёр саяаар авах байсан гэдэг.
2,4 саяын үнэтэй Тусгаар тогтнолын тунхагийг хуулбар
1989 онд Пенсильвани нэгэн эрэгтэй эдлэж хэрэглэж байсан хуучны аахаар шаахар юм зардаг жижигхэн захаар орж сонирхожээ. Нэгэнт л орсон болохоор зүгээр байсангүй дөрвөн ам.доллараар жаазалсан жижигхэн зураг худалдан авч. Гол нь зурганд биш харин жаазыг нь сонирхоод авсан аж. Тэгээд гэртээ ирээд жаазыг салгаж эхэлтэл зурагны ард 1776 онд гарын үсэг зурж батлагдсан Америкийн Тусгаар тогтнолын тунхагийн хуулбар гараад ирэв. Хуулбар их сайн хадгалагдсан байв. Дэлхий дээр 1776 онд хийсэн ийм хуулбарт ердөө 25 ширхэг байдаг гэдгийг бүгд сайн мэддэг болохоор азтай залуу өөрийн хуулбарыг 1991 онп 2,4 сая ам.доллараар заржээ. Харин 2,4 саяар авсан хүн есөн жилийн дараа хуулбарыг нь 8,1 сая ам.доллараар зарсан байдаг.
Дөрвөн саяын үнэтэй 1964 оны “Shelby Daytona”
Кэролл Шелби нь дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай уралдааны машин зохион бүтээгчдийн нэг. Тэрээр “Ford Motor” компанид 24 цагийн Ла-Манш уралдаанд оролцоход зориулан 1964 онд зургаан ширхэг “Shelby Daytona” машин зохион бүтээж угсарснаас тав нь л бүтэн үлдсэн юм. Хамгийн анхны эх хувилбарын загварыг гучаад жилийн тэртээ устгасан гэж үздэг байв. Гэтэл нэгэн эмэгтэй эцгийгээ нас барсны дараа том шүүгээ өвлөн авчээ. Шүүгээг нээтэл “Shelby Daytona”-ийн анхны эх хувилбарыг загвар гараад ирж. Энэ загварт засвар хийсний дараагаар дөрвөн сая ам.доллараар зарсан байдаг.
10 саяын үнэтэй Страдиварийн хийл
Италийн домогт мастер Страдиварийн хийсэн хийлүүд нэг бүр нь хэдэн сая ам.доллараар үнэлэгддэг. Страдиварийн бүтээсэн хийлийн дуу нь симфони найрал хөгжмийн бүх зэмсгийн гаргаж байгаа аясаас давж сонссогддог гэдгээрээ алдартай. Үнэхээр гайхалтай хөгжмийн зэмсэг гэж бүгд хүлээн зөвшөөрдөг болохоор хаадууд, вангууд улс төрийн яриа хэлэлцээр хийх, аргадах хэрэгтэй болоход Страдиварийн хийл бэлэглэдэг байсан гэдэг. Алдарт хийлүүдийн нэгийг гэрээсээ ч гаралгүй амьдардаг байсан Угетт Кларк гэгч эмгэний гэрээс олсон байдаг. Эмгэн 104 нас хүрээд өөд болсны дараа гэрээс гарч ирсэн хийлийг 1731 онд бүтээсэн бөгөөд анх францын алдартай хийлч Родольф Крейцерийн өмч байжээ. Хийлийг 10 сая ам.доллараар зарсан юм. Харин хэн олсон тухай мэдээ байдаггүй.
33 саяын үнэтэй Фабержегийн өндөг
Эд мэдэхгүй хүн эдийн нэрийг гутаана гэдэг. Сайн мэдэхгүй эртний эд зүйлтэй таарвал хайлуулах, бушуухан хямд зарах, ломбардад тавиад хаяж зугатах гэж яарах хэрэггүй шүү. Энэ түүх үүний жишээ. Америкийн дундад өрнөдөд амьдардаг нэг хүн үнэт эдлэл худалдан аваад хайлуулдаг бизнес бүх насаараа эрхэлжээ. Нэгэн удаа үнэт чулуун шигтээгээр чимсэн алтан өндөгийг 14 мянган ам.доллараар худалдан авч. Мань эрд зөвхөн алт мөнгө, үнэт чулуу нь сонин байсан болохоор хэн хийсэн, ямар хийцтэй энэ тэр нь падгүй байв. Иймд өндөгийг хайлуулаад алт болгон зарвал 14 мянга 500 ам.доллартай болж 500-ын цэвэр ашиг олно гэж тооцжээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд үнэлэгчид үзүүлтэл нөгөөх нь Оросын хааны гэр бүл Улаан өндөгний баярыг тохиолдуулан алт мөнгөний алдартай дархан Фабержед захиалан хийлгүүлсэн өндөгнүүнийн нэг болж таарчээ. Зүгээр ч үгүй сураггүй алга болсон гэж тооцогдож байсан найман өндөгний нэг байв. Одоогоор энэ цуглуулгаас ердөө 42 үлдсэн гэж үздэг. Ийнхүү бөөн дуулиан дэгдэж алтан өндөг дуудлага худалдаагаар орж 33 сая ам.доллараар зарагджээ.
130-ын үнэтэй хувьцаа
Ёстой итгэмээргүй түүх. Тони Мэрон гэгч залуу Калифорни мужид гаражийн хямдралтай худалдаатай таараад таван ам.доллараар хуучны бичиг цаас бүхий хайрцаг худалдан авсан байна. Гэртээ ирээд бичиг цаасыг нь ухаж үзтэл “Palmer Union Oil” компанийн 1625 акцийг эзэмших эрхийн бичиг гараад иржээ. Энэ компани нь эрхийг бичиг олдох үед “Coca Cola” компанитай нийлсэн байв. Мэрон өмгчөөлөгчтэйгээ зөвлөлдөн судалгаа явуулсны ачаар олон жилийн турш компаниуд задарч, нийлж явсны үр дүнд одоо “Coca Cola” компанийн 1,8 сая ширхэг хувьцааг эзэмших эрхтэй гэдгээ мэдсэн байна. Энэ 1,8 сая хувьцааны үнэ нь 130 сая ам.доллар хүрчээ. Ингэснээр Тони Мэрон нь “Coca Cola” компанийн хамгийн олон хувьцаа эзэмшигч хувь хүн болсон байдаг.
Эх сурвалж: www.assa.mn