Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналт шалгалтын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгож, олон нийтийн хяналтад тавьж өгч байгаа хэрэг

1476343279_1048

Нийтийн албанд томилогдохоор хүсэлт гаргасан иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж, хянуулахаар хуульчилсан байдаг. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодрууллаа.

-АТГ-т нийтийн албанд томилогдохоор хэчнээн иргэн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа вэ?

-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хэрхэн хянаж, ямар шийдвэр гаргасан талаарх мэдээллийг АТГ-аас долоо хоног тутмаар нэгтгэн олон нийтэд танилцуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт 263 иргэний мэдүүлгийг хүлээж авсан. Өмнөх үлдэгдэлтэйгээ нийт 584 мэдүүлгийг хянан шалгасан байна. Эндээс нэг зүйлийг анзаарч байгаа байх. Хэдийгээр энэ нь нэг долоо хоногийн мэдээлэл боловч нийтлэг зураглал болж чадна. Тэгэхээр нэг долоо хоногт 300 орчим урьдчилсан мэдүүлэг хүлээн авч, 500 гаруйг хянан шалгадаг гэхээр АТГ өндөр ачаалалтай ажилладаг нь тодорхой харагдаж байгаа болов уу. Нөгөө талаар төрийн албанд томилгоо, шилжилт хөдөлгөөн ихээхэн хийгдэж байгаагийн илэрхийлэл гэж үзэж болно.

-Хэчнээн мэдүүлгийг шийдвэрлэсэн бэ? Зарим хүний нэрийг дурдсан байсан. Тэдгээр хүмүүс нэр дэвшсэн албандаа томилогдож болно гэсэн үг үү?

-АТГ өнгөрсөн долоо хоногт 279 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн. 245-ыг нь зөрчилгүй гэж үзсэн. “МОНЦАМЭ” мэдээллийн агентлагийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Ганчимэг, “Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхбат, Замын цагдаагийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Даваазул, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нарын зэрэг 245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Энгийн үгээр хэлбэл, эдгээр 245 хүний хувьд тухайн нэр дэвшсэн албан тушаалд томилоход харшлах сонирхлын зөрчил одоогоор байхгүй гэсэн үг.

-Зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байна уу?

-Сүүлийн хоёр долоо хоногийн хяналт шалгалтын явцад ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзэх нэр дэвшигчийн мэдүүлэг байгаагүй. Хэрвээ гарвал бид нээлттэй мэдээлнэ.

-Зарим иргэний мэдүүлгийг буцаадаг гэсэн. Энэ нь ямар учиртай юм бол?

-Өнгөрсөн долоо хоногт 10 иргэний мэдүүлгийг буцааж, 24 иргэнд анхааруулга өгсөн. Буцаах хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, мэдүүлгийг АТГ-аар хянуулалгүйгээр албан тушаалд томилсон байх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Тийм учраас томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулахаар ханддаг. Түүнээс гадна төрийн албаны ангилал, зэрэглэл хамаарахгүй, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, мэдүүлгийг томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй зэрэг үндэслэлүүдээр ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь буцаасан.

-АТГ-ын энэ талын мэдээлэл цаашид нээлттэй байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Яг одоогийн байдлаар АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 305 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Харин ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 24 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөөд байна. Ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан тохиолдол ч бий.

Хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн банк, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байсан. Ийм тодорхой байдлаар мэдээлж байгаа нь АТГ-ын хяналт шалгалтын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгож, олон нийтийн хяналтад тавьж өгч байгаа хэрэг.

АТГ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …