Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярын өдөр гуравхан хоногийн дараа буюу 10 дугаар сарын 17-ны өдөр тохионо. Энэ хүрээнд түүхэн ойг угтан ЗДТГ-аас соёл урлаг, спорт, нийтийг хамарсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа билээ. Эдгээр ажлуудын нэг болох “SUPER FASHION-2017″ шилдэг загвар өмсөгч, шилдэг фото модель шалгаруулах тэмцээн өнөөдөр /2016.10.14/ боллоо. Уг тэмцээнийг аймгийн ЗДТГ-аас санаачлан Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх “Монгол-2” загварын агентлагтай хамтран зохион байгуулсан юм. Энэхүү тэмцээн нь ЕБС-ын сурагчид, их дээд сургуулийн оюутан залуусын дунд явагдсан бөгөөд хүүхэд, залууст гоо зүйн боловсрол олгох, цаашид Дархан хотынхоо төдийгүй эх орныхоо нэрийг ОУ-д сурталчлах зорилгыг агуулжээ.
“SUPER FASHION-2017″ тэмцээний нээлтэнд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат оролцсон юм. Тэрээр аймгийн удирдлагуудын зүгээс хүүхэд залуучуудынхаа боловсрол, соёл урлаг, спорт, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг амжилттай хийж ирснийг онцлов.
Тэмцээний ерөнхий шүүгчээр “Андра” загварын агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл ажилласан юм. Харин ивээн тэтгэгч байгууллагаар “Шарын гол” ХК оролцсон байна.
Дашрамд дурдахад: Манай аймгаас Монгол улсын гоо бүсгүй дөрөв, мэргэжлийн есөн модель төрөн гарсан байна.
darkhan.gov.mn