Аймгуудаа барьцаанд тавьж, аархсан дарга нарыг тансаглуулах уу?

Монголын дарга дорго, лидер лойдор нар улс орны үнэ цэнэт бүхнийг харьд бэлэглэсний балгаар төр улс мөнгө олох эх үүсвэргүй мэт болсон. Үндэснийчлэлээр харийн түрэмгийллийг арилгахын оронд, улам дэвжээн даамжруулах зүйл л хийж байна.
Зээлдүүлэгчийн юу хэлснийг үг дуугүй биелүүлж, дайны үе шиг бүсээ чангалж, ядарсан зүдэрсэн нь үхэж үрэгдэхэд тулж, боол хамжлага нь болох Стэнд бай хөтөлбөрөөр 1,5 тэрбум доллар зээлнэ гэж байна. Фукушимагийн зэрэг цөмийн хог хаягдлыг Монголд булшлахыг зөвшөөрөн, Японоос их хэмжээний зээл авах гэж санаархаж байна. АСЕМ зохион байгуулснаар зээл тусламж үерлэн орж ирнэ гэж байсан нь үлгэрийн далай болжээ.
Тэгвэл “ямар зорилго нөхцөлтэй нь огт тодорхойгүй, маш нууц, улс төрийн гэх, жилд 13%-ийн хүүтэй, 4,2 тэрбум долларын зээлийг Хятадаас авах гэж байна” гэх мэдээлэл олон хүнийг арга буюу түгшээж байна. Харьцуулахад, “Чингис” бондын зээл 4,3%-ийн хүүтэй. Энэ зээлийн асуудлыг удахгүй ҮАБЗ-өөр хэлэлцүүлнэ гэнэ. Дээгүүр “ахан дүүгийн тусламж” гэж их хөөрцөглөж байгаа юм байх. Тэр зээлдүүлэгч ахан дүү ч яахав? Монгол ахан дүүсээ яах гэж байна даа? Цаазын тавцан руу чирч байгаа юм биш биз?
Нарийн царигийн төмөр зам барихад зориулна гэж дуугарч байх юм гэнэ. Энэ чинь хаанахын ямар учиртай зам билээ дээ? Бас Оростой хийж байгаа “хүйтэн дайны” нэг чиглэл нь гэж байгаа. 50 сая төгрөгийн байрыг 100 саяар авахуулж ивээдэг ипотекийн зээлд бас зарцуулах юм байх. Байгалийн баялагтаа эзэн болж, олон салбарт эдийн засгийг цогцлоох буюу, улс орноо аврах үйлсэд зориулна гэх юм дуулдахгүй байна. Алах юм л дуулдаад байна.
Урьд урьдын зээл, бондууд руу дарга нар хотонд орсон чоно сүргийг сэглэн устгах буюу, хулгайч дээрэмчид олзоо хайрлахгүй үрж цэнгэж дуусгадаг шиг дайран улайрч, ор мөргүй шахам устгаж байсан. Энэ зээл ч өсөн үржиж буй луйварчдын аманд орж замхрах буюу, ихэнх нь ч ажил үйлчилгээний тус авсан гэгдээд буцаад явчих байх. Өмнө үзэгдэж харагдаж байгаагүй энэ их мега зээлийг эргүүлж яаж төлөх вэ гэж бодож ч амжаагүй байтал манай аймгийг барьцаанд тавьж байгаа гэх сураг дуулдлаа гээд өмнөговьчууд түгшүүрийн харанга дэлдэж эхэлсэн билээ. Дараагийн ээлжинд аль аймгийг тавих вэ…
Тажикистан улс өмнөд хойдын угсаатны зүйн ялгавар, цөөнх үндэстэн бадахшанчуудын тусгаар тогтнох эрмэлзлээс болж иргэний дайнд нэрвэгдэж, дампуурч хоосрохдоо тулаад Хятадаас дахин дахин зээл авч, улмаар төлж чадахгүйд хүрсэн. Тусгаар тогтнуулж алдчих гээд байгаа бадахшанчуудын нутгаас их хэмжээнийхийг Хятадад өгөх болж, дэлхийд хосгүй тохиолдол гарсан ба, Хятадын цэрэг ч уухайн тас орж ирсэн. Цаашдаа бадахшанчуудын бүх нутаг буюу, улсынхаа газар нутгийн 40 хувийг өгч, хэтдээ Афганистанд юм уу, магадгүй Хятадад ч нэгдэн Тажик улс мөхөх төлөвтэй гэх шив.
ОХУ санхүүгийн хүнд байдалд орж, түүхий эд 20 жил нийлүүлэх урьдчилгаа төлбөр юаниар авч аргацаахдаа хүрэн, Хятадын үгийг дагамхай болжээ. Ингээд газраа энд тэндгүй түрээслүүлэх болсон. Манайтай хил залгаа Байгалийн хязгаар буюу буриадуудын унаган нутгаас 115 мянган га газрыг 49 жилийн хугацаатайгаар бараг үнэгүй “түрээслүүлэх” болсон жишээ бий.
Манайх эдгээр жишээг давтахгүй гэх ямар баталгаа байна вэ? Үндсэн хуулийг зөрчсөн хууль, төрийн актууд, гэрээнүүдийг цуцалж, байгалийн баялгаа гартаа оруулж хөгжихөөс өөр ямар ч арга алга. Төлбөр ялбарт унадаг юм бол газар дорхи хязгааргүй шахам баялгаасаа үнэлүүлж байгаад, хэсгээр нь төлөх болох байх. Тусгаар тогтнолоо алдаж, гадны боолын боол, босгоны шороо болсноос л хавьгүй дээр.
Харин аймаг аймгаар нь харьд өгч зээлээ төлнө гэх юм бол тийм бүрэн сүйрлийн замыг шийдвэртэй эсэргүүцэцгээе! Баялагтаа л эзэн болъё. Улс гэрээ барьцаанд тавихыг зөвшөөрөхгүй!
Ч.Мөнхбаяр

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …