Ж.Золзаяа: Энэ өдөр бол “Бүтээлч Монгол” Маркетеруудын нэгдэл юм

1476863129_14804915_2114378605454631_114669560_n

Жил бүрийн 10 дугаар сарын 20 бол Монголын Маркетеруудын нэгдлийн өдөр байдаг. Тиймээс ч Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос энэ өдрийн хүрээнд “Маркетеруудын чуулган”-ыг зохион байгуулж, өдгөө дөрөв дэх удаагийнхаа чуулганыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн чуулганы онцлогийн талаар Монголын Үндэсний Маркетингийн холбооны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ж.Золзаяагаас тодрууллаа.

Энэ өдрийн мэнд хүргэеАнх Маркетеруудын өдрийг санаачилсаннэгдсэн чуулганхий талаар тань яриагаа эхлүүлье?

-Монголын Үндэсний Маркетингийн Холбоо маань 2013 онд анхны Маркетеруудын өдрийг санаачлан, нэгдсэн чуулган зохион байгуулж байлаа. Энэ жил дөрөв дэх удаагийн чуулган болох гээд бэлтгэл ажил бүрэн хангагдаад явж байна. Дөрвөн жилийн өмнө маркетерүүд маань дор бүрнээ ажил, амбицаа хөөж, нэгдсэн бодлого, зорилт, нягтралгүй байгааг анзаарсан юм. Тиймээс маркетеруудаа нэгтгэх, олон улсын чиг хандлага хаана явж байна, бид хаана нь байна гэдгээ тодорхойлох, нийгмийн хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах юм, оюуны том хүч бүхий энэ залуусыг нэгтгэснээр Монгол улсын хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ гэдгээ ярилцах, үндэсний брэндээ хэрхэн гаргаж ирэх вэ, маркетеруудаа хэрхэн мэргэшүүлэх, олон улсын тавцанд хэрхэн бэлтгэн гаргах вэ гэх мэтчилэн томоохон зорилгын хүрээнд энэхүү маркетеруудын өдрийг санаачилсан.  Тэгээд ч эмч, багш, барилгачдын өдөр гэж байдаг. Тэгээд ч олон улсын түвшинд Маркетеруудын өдөр гэж байдаг. Энэ өдрөө салбарынхаа ач холбогдол мэргэжлийн онцлогийг  олны анхаарлын төвд оруулж, цаашдын чиг хандлагаа тодорхойлдог. Бид ч бас энэ жишгийг баримтлах учиртай.

– Энэ жилийн чуулган ямар уриан дор явагдах вэ. Гол онцлог нь юу байх вэ?

-Энэ удаагийн чуулган маань “Бүтээлч Монгол” уриан дор зохион байгуулагдаж байна. 2016 онд бүтээлчээр манлайлж, олон улсын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ амжилттай гаргасан компаниудаа танилцуулж, ямар маркетингийн бодлого барьсан, хэрхэн амжилтанд хүрсэн, амжилтанд хүргэсэн гол зүйл нь юу байсан гэх зэрэг өргөн хүрээний мэдээллийг өгч, маркетингийн шинэлэг шийдлүүдийг танилцуулж байгаагаараа онцлог байх юм.

– Тухайлбал. Ямар илтгэлүүдээр маркетеруудын сонорыг мялаахаар төлөвлөв?

– Энэ удаагийн чуулганы илтгэгч нар шинэлэг, чадварлаг, амжилтанд хүрч яваа, тодорхой хэмжээнд амжилт гаргасан маркетерууд туршлага, арга барилаасаа хуваалцах юм. Өмнө нь ямар нэг арга хэмжээнд тавигдаж байгаагүй цоо шинэ илтгэлүүд маркетеруудад хүрэхээрээ онцлог. Тухайлбал, “Дэлхийн Маркетингийн чуулган 2016”-ын эргэн тойронд сэдвээр “Vision group” ХХК-ийн Ерөнхий захирал Э.Энхбат шинэхэн мэдээлэл хүргэнэ. “Брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд стандартын үүрэг” сэдвээр “Евроазийн зөвлөхүүдийн групп”-ийн гүйцэтгэх захирал, BSI  буюу Британийн Стандартын байгууллагын зөвлөх Албеков Махмуд илтгэл тавина. “Монголын брэнд дэлхийд” сэдвээр “Seaberry farm product” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Болортуяа уул уурхайгаас бусад бүтээгдэхүүнийг экпортлох боломж бий, амжилттай болох гарц нь юу байх талаар маш сонирхолтой илтгэл бэлдсэн байгаа. Мөн “Sky castle” төслийн талаар “Жамух Интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С:Мөнхзул танилцуулна. Түүнчлэн Нөлөөллийн маркетингийн талаар интерпренёр, Маркетер Х.Мөнхбилэг мэдээлэл, туршлагаасаа хуваалцана. Сошл медиаг бизнест хэрхэн ашиглаж болох талаар “Супер Рубин” ХХК-ийн Ерөнхий захирал Э.Халиун мэдээллээ хуваалцана. Түүнийг Dyrbergkern Mongolia-г хэрхэн амжилттай явуулж байгааг сошл медиад идэвхтэй хэрэглэгчид андахгүй байх. Эцэст нь Борлуулалтаа 85 хувиар өсгөсөн туршлагаасаа “Говь” ХК-ийн дотоод худалдааны газрын захирал Ц.Будхүү хуваалцах бол Тансаг зэрэглэлийн брэндийн маркетингийн талаар “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Гаррет Уэлсон сонирхолтой илтгэлийг тавихаар бэлдээд байгаа.

 – Олон чухал илтгэлүүд тавигдах юм байна. Сонирхол татах өөр ямар үйл ажиллагаа явагдах вэ?

– Энэ удаад бид чуулганыхаа цар хүрээг өргөжүүлсэн. Тухайлбал, “Реклам залгигчдын шөнө” буюу 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа дэлхийн шилдэг рекламны шоуг толилуулна. Дэлхийн хамгийн  нэр  хүндтэй  рекламны  фестивалиуд, тэр  дундаа “Каннын  арслан”, “Эпика”, “Нью  Йоркийн  Фестиваль”,  “Алтан  Бөмбөр”, “Клио   Авардс”  зэрэг  нэр хүндтэй наадмуудаас  шагнал  хүртсэн  зар сурталчилгааны шилдэг бүтээлийг танилцуулах юм. Оройдоо Сөүл Плазад байрлах “Studio”night   club-т  “Marketer’s   Party”  чөлөөт   арга   хэмжээг   зохион   байгуулж, нийт маркетеруудтайгаа баярын өдрөө хамтдаа тэмдэглэн өнгөрүүлнэ гээд олон шинэ зүйлийг санаачилж, хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна.

– 4 дэх удаагийн чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ. Өмнөх чуулгануудаас гарсан үр дүнгийн талаар хэлж өгөөч?

-Сайн үр дүнг чуулган бүр дагуулж байгааг хэлэхэд таатай байна. Тухайлбал, жил бүр 800 маркетер нэг дор цуглан, чуулж байна, хоорондоо танилцаж, туршлага солилцож байна, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж, өөрсдийн ноу-хау, маркетингийн бодлогоосоо хуваалцаж байна. Энэ бол бодит үр дүн гэж харж байна. Түүнчлэн Монголын маркетингийн судалгааны институт шинээр байгуулагдаж байна. Маркетеруудын ахисан түвшний гурван сарын сургалтыг албан ёсоор зохион байгуулж, мэргэшсэн маркетер бий болгохын төлөө зорилго тавин ажиллахаар болж байна. Энэ байгууллага маань манай холбоотой түнш болж, хамтран ажиллахаар болсон гэсэн үг. Тэр утгаараа бид Маркетеруудын чуулганы өдрөө хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Гэх мэтчилэнгээр бодлогын түвшинд ч бодит байдалд ч ахиц дэвшил, үр дүн гарч байгаа гэж дүгнэж болохоор байгаа.

-Хамтран зохион байгуулагч, дэмжиж оролцож байгаа ямар байгууллагууд байна вэ?

-Маш олон байгууллагууд бий. Тухайлбал, Монголын Сайтын Холбоо, Монголын телевизүүдийн Холбоо зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд маань дэмжиж, хамтран ажиллаж байна. Маркетингийн салбарт жинхэнэ нэгдэл бий болох эхний алхмууд маш амжилттай хийгдэж байна.

– Чуулган хэзээ, хаана, хэдэн цагаас болох вэ?

– Энэ сарын 20 буюу маргааш “Корпорэйт Конвэншн цэнтр”-т 12 цагаас болох юм. Одоогоор 800 гаруй маркетер оролцохоо мэдэгдэн, бүртгүүлээд байна. Хамрах хүрээний хувьд бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбарынхан, судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаач, багш нар, маркетерын чиглэлээр суралцаж буй оюутан залуус гээд бүхий л хүрээг хамарч байна.

-Бүртгүүлж амжаагүй хүмүүст боломж үлдсэн үү?

– Боломж байлгүй яахав. Бүртгэлийн үйл ажиллагаа 24 цагийн турш цахим хуудсаар явагдсаар байгааг хэлье. Өөрөөр хэлбэл, манай event.mnma.mn сайтаар цахим бүртгэлд хамрагдах буюу тодруулж, дэлгэрүүлж мэдээлэл авах бол 88086030 дугаарт холбогдоход хангалттай. Мөн манай фэйсбүүк пэйж хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Түүнчлэн нийт хамтран ажилласан, дэмжсэн, ивээн тэтгэсэн хамт олон байгууллага, маркетерууддаа баярлалаа гэдгийг энэ дашрамд хэлье. Аливаа арга хэмжээг зохион байгуулахад хүмүүсийн оролцоо маш чухал байдаг. Тиймээс ч идэвхийлэн оролцож нийт маркетеруудад, энэ салбарт ажилладаг, хувь нэмрээ оруулдаг бүх хүмүүстээ баярын мэнд хүргэж, 10 сарын 20-нд уулзацгаая хэмээн урьж байна. Та бүхэндээ баярын мэнд хүргэе!

– Ярилцсанд баярлалаа.

014b72c40700cc4429b478558f39a8ff_98726

f2df5c678be0c0b507d0854fe28098d6_98726

a02c7211b8d3aecfdfdd3c63293fe9a0_98726

b75904aeccf4ca98e3d08146f4f1059d_98726

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …