Засгийн газрын 100 хоногт- Гадаад харилцааны яам

ef56ef85babd5afb13484ff1bbaacd63

Улсын Их Хурлын ээлжит долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлсэн гол үйл ажиллагааны тойм мэдээг хүргэж байна.

Гадаад харилцааны салбарын зорилтуудыг тодорхойлов

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гадаад харилцааны салбарт холбогдох зорилтуудыг хэрэгжүүлэх Гадаад харилцааны яамны арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулав. Мөн Монгол Улсын гадаад бодлого, олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, бүс нутгийн интеграц, олон улсын тулгамдсан асуудлаар Монгол Улсын баримтлах байр суурийн талаарх мэдээллийг шинэчлэв.

9cbd492ef13de13cf0dd83fb883f1426

“Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг батлахаар тохиролцов

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр “Монгол Улс, ОХУ-ын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж, харилцааны асуудлаар санал солилцов. Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг ойрын хугацаанд баталж хэрэгжүүлэхээр тохиролцов.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсад айлчлав

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 2016 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр талууд уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны зэрэгцээ хөдөө аж ахуй, барилгын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Эдгээр нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой.

Түүнчлэн Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хятадын талаас туслалцаа дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ илэрхийллээ. Айлчлалын үеэр хятадын талын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр ерөнхий боловсролын 3 сургууль барих, Баянхонгор-Байдрагийн гүүрний 129 км автозам, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам”-ын төслүүд болон Монгол Улсын Засгийн газрын 38 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өрийг чөлөөлөх зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тустай хамтын ажиллагааны 15 баримт бичигт гарын үсэг зурлаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгохоор тохиролцов.

Дорнын эдийн засгийн форумд оролцов

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Владивосток хотноо 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумд оролцов. Чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров,  Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол Улс, ОХУ-ын ЗГХК-ийн дарга С.Е.Донской, Зам, тээврийн орлогч сайд О.В.Цыденов, Оросын төмөр замын дарга О.В.Белозёров, ОХУ-ын Саха Улсын тэргүүн Е.А.Борисов нартай уулзаж хоёр талын асуудлаар санал солилцов.

Канад Улстай хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган 2016 оны 9 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, харилцааны түвшинг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх талаар ярилцав.

Уг айлчлалын үеэр талууд “Хөгжлийн туслалцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан. Уг санамж бичиг байгуулагдснаар Канадын Засгийн газраас  2016 оноос Монголд хэрэгжүүлж эхлээд буй 55,4 сая канад долларын өртөг бүхий хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийн эрх зүйн үндэс тавигдаж буйгаараа чухал ач холбогдолтой болов.

Түүнчлэн Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр /FIPA/-т 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хоёр тал гарын үсэг зурав.

f0236a2b9d2de98808ed7026f3963585

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны  9 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон чуулганы үеэр болсон дээд, өндөр түвшний арга хэмжээнд оролцов.

Чуулганы үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 30 гаруй улсын Гадаад хэргийн сайд болон олон улсын зарим байгууллагын удирдлагатай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах тодорхой асуудлаар ярилцан санал солилцсон нь гадаад бодлогын зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ач холбогдолтой алхам болов.

“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг НҮБ-д гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн санаачлан зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний арга хэмжээнд оролцож, Монгол Улс уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг гардуулан өгөв. Уг арга хэмжээний үеэр 31 орон батламж жуух бичгээ гардуулан өгснөөр 60 орон гэрээнд нэгдэн орж, тэдгээрийн нийт хүлэмжийн хийн ялгарал 47,5%-д хүрсэн нь уг гэрээ 2016 онд багтан хүчин төгөлдөр болох найдлага төрүүлсэн чухал арга хэмжээ болов.

Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2 хэмээс хэтрүүлэхгүй байж улмаар 1,5 хэмд хязгаарлах амлалтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой олон улсын хэмжээний баримт бичиг юм.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулах ажлыг урагшлуулна

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулах тухай олон талт гэрээг ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох, энэ чиглэлээр холбогдох улс оронтой хамтран ажиллах зорилтын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил далайд гарцгүй Азербайжан, Балба, Бутан, Казахстан, Нигер, Тажикистан, Туркменистан, Этиоп Улсын Гадаад хэргийн сайдтай тус тус уулзалт хийв.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн гишүүн орнуудад хөгжлийн дэмжлэг үзүүлж, тодорхой салбар чиглэлээр санхүүжилт олгодог “Перез-Гуерреро итгэлцлийн сан”-гаас Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээлийг багасгах чиглэлээр манай улсаас санаачлан боловсруулсан 35 мянган ам. долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлэхээр батлуулав.

Монгол Улсын төрийн тэргүүн Куба Улсад айлчлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 9 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийж, Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастротой албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн  энэхүү айлчлал нь Куба Улсад хагас зуун жилийн дараа хийгдэж байгаагаараа онцлог юм.

Уулзалтын үеэр хоёр тал боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг онцолж, Куба Улсын Засгийн газраас олон жилийн турш монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлэгийг цаашид нэмэгдүүлэхээр боллоо. Мөн хоёр орны хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн салбарт хамтран ажиллахаар ярилцаж, элэгний гeпатит B,C вирусын эсрэг тарилга, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Ардчиллын форум Улаанбаатарт зохиогдов

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнтэй хамтран “Ардчилсан шилжилтээс суралцах нь” сэдэвт Ардчиллын форумыг 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

 АСДҮОХ-ийн ЕНБД, Бельги Улсын Ерөнхий сайд асан Ив Летерме, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ЕНБД Мариа Лэйсснэр, Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын Дэд дарга Фадли Зон тэргүүтэй төлөөлөгчид, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Бишкек дэх төвийн дарга, Элчин сайд Сергей Капинос, Судан, Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгч Николас Хайсом, Непал Улсын Сонгуулийн комиссын дарга асан Бхожраж Покхарел зэрэг гадаад, дотоодын 100 гаруй төлөөлөгчид форумд оролцож, ардчилалд шилжсэн туршлага, ололт амжилт, тулгарч байгаа сорилтуудын талаар санал солилцсон чухал арга хэмжээ болов.

УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д айлчлав

2016 оны 10 дугаар сарын 14-19-ний хооронд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Улс төрийн намуудын олон улсын хуралд оролцож, БНХАУ-д айлчлал хийлээ. Тэрбээр эдийн засгийн хямралыг даван туулах талаар бусад орны улс төрийн намуудын удирдлагатай санал солилцох ба БНХАУ-ын дарга Си Зиньпин, БХАТИХ-ын дарга Жан Дөзян нартай тус тус уулзав.

Хоёр дахь компакт гэрээг эхлүүлнэ

АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай хоёр дахь компакт гэрээ байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах чиглэлд хэрэгжүүлэхээр Талууд холбогдох судалгаа, тооцоог хийж байна.  Монгол Улсын Засгийн газар МСК-тай хамтран ажиллах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан бөгөөд Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар МКС-ын удирдлагуудтай уулзаж бэлтгэл ажлын явцын талаар санал солилцов.

Ил тод байдлын хэлэлцээр хүчин төгөлдөр болно

Манай тал Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай  өөрчлөлтүүдийг дотоодын дүрэм журамд тусгах ажлыг хийж гүйцэтгэн, хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэх явцыг урагшлуулж байна. Ил тод байдлын хэлэлцээр хэрэгжиж  эхэлснээр манай улсын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин ил тод, нээлттэй болж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх Засгийн газрын хүчин чармайлтад чухал түлхэц болох юм.

“LEAD Mongolia” төсөл хэрэгжиж эхэллээ

АНУ-ын тусламжаар 2,5 сая ам.долларын санхүүжилттэй “LEAD Mongolia” төслийг хэрэгжүүлж эхлэв. Уг төсөл хоёр жилийн туршид хэрэгжих бөгөөд 25-40 насны нийт 90 залуус хамрагдаж, эдгээрийн 30 нь АНУ-д 2017 онд солилцооны хөтөлбөрт хамрагдана. Төсөл байгаль орчин ба хотжилт, ажилгүйдэл ба ядуурлыг бууруулах, ил тод байдал ба авилгатай тэмцэх зэрэг үндсэн салбар, чиглэлд хэрэгжинэ.

Монгол, Японы Стратегийн түншлэлийг дараачийн шатанд гаргахаар тохиров

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ 2016 оны 7 дугаар сард Монгол Улсад айлчилж, Монгол Улсад гурван удаа айлчилсан анхны Японы Ерөнхий сайд болов.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсоор айлчилж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийв. Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, дээд, өндөр түвшинд хүрсэн өндөр итгэлцэл, найрсаг харилцаанд тулгуурлан ард иргэдийн хэлхээ холбоог гүнзгийрүүлж, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов. Мөн Стратегийн түншлэлийн харилцааг ойрын жилүүдэд хөгжүүлэх хүрээ, чиглэлийн талаар ярилцаж, шинэ Дунд хугацааны хөтөлбөр байгуулахаар болов.

 БНСУ-тай байгуулсан “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэх алхам тавигдлаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Хэлэлцээрийн хүрээнд “Ухаалаг боловсрол төсөл”, “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний 2 дахь шатны төсөл” хэрэгжүүлэх, “2016-2019 онд соёлын солилцоо явуулах, соёлын өвийн салбарт хамтран ажиллах эрх зүйн үндсийг тогтоож өгсөн чухал баримт бичгүүдийг байгууллаа.

Түлэнхийн төвийн барилгын санхүүжилт шийдэгдэв

Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангаас олгох 12 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг гүйцээн барих тухай асуудлыг Эрүүл мэндийн яамтай хамтран 8 дугаар сарын 24-ний Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, асуудлыг шийдвэрлүүлэв.

Польш Улс 50 сая еврогийн зээл олгоно

Польш Улстай Засгийн газар хооронд 50 сая еврогийн экспортын зээлийн хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна.

Хилийн чанад дахь монголчууд чуулав

Гадаад улс орнуудад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдтэйгээ холбоотой байж, эх орондоо эргэж ирж, ажиллаж амьдрахад нь дэмжлэг үзүүлэх бодлогын чиглэлээр боловсруулсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын II чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав. Чуулга уулзалтанд дэлхийн 25 улсад үйл ажиллагаа явуулж буй 104 холбоо, ТББ-уудын 150 гаруй төлөөлөгчид, холбогдох сайд нар болон асуудал хариуцсан ажилтнууд оролцов. Чуулга уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ГХЯ, БСШУСЯ, СЯ, ХЗДХЯ, ХНХЯ, МҮХАҮТ-тай хамтран гаргаж, ГХЯ хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Олон улсын монгол судлаачдын их хурал амжилттай болж өндөрлөлөө

Дэлхийн 29 орны 400 гаруй эрдэмтэн, биет бус өвийг тээгч иргэд оролцсон Олон улсын монголч эрдэмтдийн 11-р их хурлыг холбогдох байгууллагуудтай хамтран 8 дугаар сарын 15–18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Дипломат болон албан паспорт эзэмшигчид Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрамдах Хорват Улсуудад визгүй зорчино

Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилтыг шат дараатайгаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальта Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо тус тус гарын үсэг зурав.

Дипломат паспорт эзэмшигчид Япон Улсад визгүй зорчино

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцов. Уг ноот бичгийн дагуу хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор боллоо. Цаашид албан болон энгийн паспорт эзэмшигчдэд визийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шат дараатай тохиролцохоор талууд санал солилцов.

Консулын үйлчилгээ чирэгдэлгүй болно

Консулын үйлчилгээг улсын хэмжээнд адил тэгш хүргэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол шуудан” ХК-тай хамтран хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулж ирүүлсэн баримт бичгийг иргэдэд 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нийт улсын хэмжээнд шуудангаар түгээж эхэлсэн. Консулын ажилд энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр баримт бичгээ баталгаажуулж буй иргэд өөрийн биеэр Гадаад харилцааны яамны Консулын газарт ирэх шаардлагагүй болж байгаа юм.

Гадаадад төрсөн монгол хүүхдүүдийн иргэншлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллана

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн эцэг, эхээс төрсөн хүүхэд “хөрсний” зарчмаар оршин сууж буй тухайн улсын хуулиар харьяат нь болдогтой холбоотойгоор дээрх иргэдийн хүүхэд Монгол Улсын иргэн болох эрх зүйн боломжгүй байдлыг шийдвэрлэх зорилгоор Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, давхар иргэншлийг тодорхой тохиолдолд хүлээн зөвшөөрөх асуудлыг тусгахаар ажиллаж байна. 1998 оноос хойш гадаадад оршин сууж буй монгол иргэдийн дундаас төрсөн буюу насанд хүрээгүй 4800 гаруй монгол хүүхэд гадаадад амьдарч байгаа бөгөөд тэдний 2181-т нь дээрх асуудал хамаарагдаж байгаа болно.

0d3e0dc86f58debbd0b2458dfc06ab2f

ГХЯ-нд байгууллагын дэргэдэх анхны цэцэрлэгийг нээлээ

Гадаад харилцааны яамны дэргэд Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн салбарыг яамны дотоод нөөц, бололцоонд тулгуурлан ашиглалтанд оруулав. “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу АСЕМ-ын бэлтгэл алба байрлаж байсан байрыг МХЕГ, Нийслэлийн боловсролын газраас өгсөн зааварчилгааны дагуу стандартад нийцүүлэн засварлаж, гурван анги бүхий 75 хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулав. Төсвийн хүндрэлтэй энэ үед цэцэрлэг байгуулахтай холбогдон гарсан зардлыг яам, хилийн чанад дахь нийт дипломат болон консулын газрын удирдлага, албан хаагчдаас өгсөн хандиваар үндсэндээ бүрэн санхүүжүүлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …