УИХ-ын сонгууль болгоноор Увс нутгаас хэл амтайхан сонгогддог хүн бол Б.Чойжилсүрэн билээ. Хөрөнгө чинээ ихтэй түүнийг хөрөнгө мөнгөөрөө далайлган сонгогчдын саналыг худалдаж авсан, мөнгө тараасан гэх мэдээлэл гардаг ч бүхнийг мөнгө дийлдэг болсон өнөө үед хуулийн шатанд очоод л замхарч байсан нь нууц биш.
Хурд групп, Нарны хороолол, Хүүхдийн урлангийн хажуу бөөрөн дэхь 16 давхар барилга гээд түүний өмч хөрөнгө, ашиг орлого асар их. Ямар ч байсан жилийн орлого нь 100 тэрбум дотор хэлбэлздэг бололтой. Ингэж хэлэхийн учир бизнес эрхлэгч, барилгын компанийн эзэн Б.Чойжилсүрэн Сангийн сайд болсноо ашиглаж өөрийнхөө компанийг дэмжсэн, 100 тэрбум төгрөг хүртэлх орлоготой компаниудыг татвараас чөлөөлөх хууль санаачлан УИХ-аар батлуулахаар улайрав. Асар их орлого олох атлаа түүнээсээ жаахан хэдэн төгрөг төрд өгч, төсвөө бүрдүүлэхээс татгалзсан ийм Сангийн сайдтай байж таарах уу.
Төсвийн бүрдүүлэлт хүндрэлтэй байна, тиймээс цалин тэтгэвэрийг хасч, татварыг нэмж төсвийг бүрдүүлнэ гээд цэцэрхээд байсан Сангийн сайд нь өөрөөсөө мөнгө гаргах болохоор “үхэл царайлах” нь тэгээд ариун явдал уу, шударга ёс мөн үү. Жижиг дунд компаниудаа дэмжиж, татвараас чөлөөлж Монгол Улсын эдийн засгийг аварна хэмээн МАН-аас гаргасан шийдвэрийг ажил хэрэг болгох явцдаа Сангийн сайд сэмээрхэн том компаниудыг дэмжсэн хууль батлуулж, өөрийнхөө 100 тэрбум төгрөгийн орлоготой компаниа татвараас чөлөөлүүлэхээр санаархав. Ерөөсөө Монгол Улсад 100 тэрбумаас дээш орлоготой хэдхэн компани, банкууд бий. Харин 90 гаруй хувь нь 100-гаас доош тэрбум төгрөгийн орлоготой. Тэгтэл тэднийг татвараас чөлөөлж, Монгол Улсыг элгээр хэвтүүлэх ийм хууль санаачилж байдаг, ашиг сонирхлын зөрчил асар их ийм хүн Сангийн сайдын албан тушаалд тэнцэх үү. Дээрээс нь намынхаа бодлого шийдвэрийг үл тоосон, буруу ишилсэн сүх шиг өөрийнхөөрөө зөрүүдлэсэн, татвар нэмнэ, нэмэхгүй хэмээн ард түмнээр тоглож төр улсыг бужигнуулагч, төсвийн бүрдүүлэлтийг замхруулагч Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцож, Сангийн сайдын албан тушаалаас нь нэн даруй огцруулья.
Мөн дахин ийм өндөр албан тушаалд томилж, буруу зөрүү яриулж төр улс, ард түмнийг бужигнуулж, бухимдуулахгүй байя. Эцэст нь, цуглуулсан хэдээрээ “Хурд”-ын байранд ороод төр улсынхаа төлөө шударгаар ажиллаж, авсан жаахнаараа амьдраад болно доо хэмээх хүмүүс байхад тэднээс хэдэн мянга дахин их орлого олж байж ханаж цаддахаа мэдэхээ байсан, эцэстээ тэр их шунал хүсэл нь төр улсыг нурааж мэдэх хэмжээнд хүрсэн тийм хүмүүс байж л байх юм. Үүнийг л Монгол төрийн эмгэнэл гэлтэй. Нөгөө талаас ийм хүмүүсийг сонгож, төр улсаа удирдуулж буй нь Монгол түмний тэнэгрэл байх.
Төгс