Герман Улсын Физик технологийн хүрээлэн(PTB)-ийн санхүүжилтээр явагддаг MEDEA төслийн хүрээнд Индонези Улсын Жагарта хотод зохион байгуулсан “Массын хэмжил” сургалтанд 2016 оны 8-р сарын 30-аас 9-р сарын 1-ны хооронд хамрагдлаа. Уг сургалтанд Бангладеш, Индонез, Вьетнам, Филиппин, Бутан, Малайз, Камбожия, Казакстан, Шри-ланка, Мьянмар, Папуа шинэ Гвиней, Тайланд, Монгол зэрэг орны үндэсний хэмжил зүйн байгууллага болон Хууль эрхийн хэмжилзүйн байгууллагын нийт 21мэргэжилтэн оролцсон.
Энэхүү сургалтанд Монголоос СХЗГ-ын МЭЛ-ийн мэргэжилтэн Л.Дэлгэрмаа, Увс аймгийн улсын шалгагч Ч.Батхүү нар хамрагдсан юм.
Герман Улсын Физик технологийн хүрээлэн(PTB)-ийн MEDEA төсөл нь олон хэмжлийн төрлөөр хэд хэдэн курс сургалт явуулсаны нэг нь энэ бөгөөд уг сургалтыг зохион байгуулсан газар нь Индонезийн хууль эрхийн хэмжил зүйн байгууллага(DOM), сургагч багш нар нь Япон улсын хэмжил зүйн хүрээлэн(NMIJ)-ийн доктор професор багш нар байлаа. Энэ сургалтанд доорхи сэдвүүдийг агуулсан. Үүнд:
-Шинжлэх ухааны болон худалдааны хэмжилд массын эталоны гүйцэтгэх гол үүрэг;
-OIML R 111 стандартад заасан эталон туухайнд тавигдах чухал шаардлагуудыг тодорхойлох;
-Эталон туухайг шалгалт тохируулга болон баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэх орчны нөхцөл болон явцын дарааллыг тодорхойлох;
-Хэмжлийн эргэлзээг тооцох боломжит эх сурвалжуудыг тодорхойлох;
-OIML R 111 стандарт нийцсэн шалгалт тохируулга болон баталгаажуулалт хийх эталон туухайны тухай;
-Энэ сургалтыг бусдад түгээх;
Тухайн сургалтын бүх санаа болон туршлагууд нь Японы хэмжил зүйн хүрээлэнгийн ажил үйлчилгээн дээр үндэслэгдэн явсан юм. Дадлага ажлыг Индонезийн Mettler toledo компанийн дэмжлэгээр Mettler toledo-ийн жингүүд дээр хийж, лекцийг танхимаар, дадлага ажлыг багийн зохион байгуулалтаар явуулсан. Сургалтын явцад оролцогчид өөрсдийн сонирхсон болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг асууж тодруулан зөвлөгөө авч байсан.
Мөн бусад орны оролцогчдоос тухайн орны хэмжил зүйн байгууллагын онцлог, масс эталонуудын талаар, мөн шалгалт тохируулгын ажлын талаар харилцан ярилцаж санал, туршлага судлав.