Төрийн байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгохоор Өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх мэдээлэл, лавлагаа гаргаж өгөхөөс татгалзсан төрийн байгууллагын шийдвэрийг үндэслэлгүйг тогтоожээ. Энэ талаар өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.
-Төрийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авахад хүндрэлтэй байдаг талаар өмгөөлөгчид ярьдаг. Танд ч бас тийм зүйл тохиолдсон уу?
–Өмгөөлөгч бид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад багагүйсаад бэрхшээлтэй тулгарч, их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулах шаардлага гардаг. Жишээлбэл, төрийн захиргааны байгууллагуудаас мэдээлэл лавлагаа, нотлох баримт гаргуулан авахад бэрхшээлтэй тулгардаг. Өмгөөлөгчийн үйл ажиллагаа маань зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудад оролцох биш зөвлөгөө өгөх болон зарим асуудлуудыг заавал хуулийн байгууллагуудад хандахгүйгээр урьдчилан шийдвэрлэхэд оролцох зайлшгүй шаардлага үүсдэг.
-Тиймээс та Нийслэл дэхЗахиргааны хэргийн шүүхэд хандсан уу?
–Иргэний хэргийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн оршин байгаа хаягаар нь гаргадаг гэдгийг бүгд мэднэ. Гэвч заримдаа хариуцагчийн хаяг, хаана оршин байгаа нь тодорхойгүй, олоход бэрхшээлтэй байдгаас өмгөөлөгч бүртгэлийн байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдийн холбогдох мэдээлэл лавлагааг авах шаардлага үүсдэг. Миний хувьд өөрийнхөө үйлчлүүлэгчийн нэр төр, алдар хүндийг гутаасантай холбоотой асуудлаар тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын хаягийг олох шаардлага үүссэн бөгөөд энэ хүрээнд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт бидний хайж буй байгууллагын албан ёсны хаягийн лавлагааг гаргаж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан боловч Эрүү, иргэн, захиргааны процессийн явцад зөвхөн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаараа дамжуулж авна гэдэг ийм хариу авсан. Би хуулийн дагуу дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргасан боловч надад өгсөн хариу нь хуулийн өөр заалтыг баримталсан, үндэслэлгүй байсан.
-Төрийн үйлчилгээний байгууллага таны хүсэлтийг ямар шалтгаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн юм бол?
-Төрийн захиргааны байгууллага нь бусдын нууцыг задруулахгүй байх ёстой гэдэг зүйлийг ярьж байсан л даа. Гэвч хуульч, өмгөөлөгч нар авсан мэдээлэл лавлагаагаа хууль бусаар ашигласан тохиолдолд эргээд хуулийн хариуцлага хүлээх, цаашлаад хуульч, өмгөөлөгчөөр ажиллах эрхээ хүртэл хасуулах ийм үр дагавартай гэдгийг тайлбарлаж хэлж байсан ч хүлээж аваагүй.
Тиймээс би энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд улсын бүртгэл дэх албан ёсны мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулан авахын тулд шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, бусад байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан байдаг.
Эргээд энэ заалттай холбогдон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40.4-т “… хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтан өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэж өгөх үүрэгтэй” хэмээн зохицуулсан. Би хуулийн энэ зохицуулалтыг ойлгохдоо өмгөөлөгчийн албан ёсны хүсэлтийн хариуг зохих байгууллагууд албан ёсоор өгөх ёстой гэж бодож байгаа. Яагаад гэвэл, бүртгэлийн байгууллагын тухайд, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.9 дэх хэсэгт “шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагад зохих журмын дагуу лавлагаа өгөх, улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар туслалцаа үзүүлэх, мэргэжлийн дүгнэлт гаргах” үүргийг улсын бүртгэгчид даалгасан байдаг бөгөөд энэ эрх бүхий бусад байгууллага гэдэгт хуульч, өмгөөлөгч хамаарна гэж үзэж байна.
-Шүүх энэ хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэж өгсөн бэ?
-Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний хүсэлтээс татгалзсан төрийн үйлчилгээний байгууллагын шийдвэрийг үндэслэлгүй байна гэдгийг тогтоосон. Мөн энэхүү шүүхийн шийдвэрээр төрийн захиргааны байгууллагууд өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэж, мэдээлэл лавлагааг хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгөх үүрэгтэй гэдгийг бататгаж өглөө.
Энэхүү шүүхийн шийдвэр гарснаараа Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй бүх хуульч, өмгөөлөгч нар эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох мэдээлэл лавлагааг авах боломжтой болж чадсан гэж би хувьдаа үзэж байна. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхойлон зааж өгсөн өмгөөллийн үйлчилгээний баталгаа хангагдахгүй байгаа асуудлыг ийнхүү шийдвэрлэж, хуульч, өмгөөлөгч нарын үйл ажиллагаагаа саадгүй явуулах, нөхцөл боломжийг нь хангаж өгч чадсан гэж бодож байна.
Ярилцсан танд баярлалаа.
Шүүхийн ерөнхий зөвлөл