НИТХ-ын дарга Ц.Сандуй БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын дарга Жэгал Вон Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй ноён Жэгал Вон Ёныг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Улаанбаатар, Инчон хоёр хотын хурлын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санаачлагатай ажиллаж байгаа Инчон хотын Иргэдийн Хурлын хамт олонд талархал илэрхийллээ. Тэрээр “Улаанбаатар, Инчон хот 2007 оноос найрамдалт хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш салбар бүрт хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлсээр байна. Өнөөдрийн уулзалт цаашдын олон олон хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын дарга Жэгал Вон Ён НИТХ-ын дарга Ц.Сандуйд талархал илэрхийлээд “Хоёр хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2011 оноос хойш найрамдалт харилцаагаа өргөжүүлсэн. Монгол Улс бол асар их баялагтай, цаашид илүү хөгжих бүрэн боломжтой улс. Тиймээс ч Солонгосын аж ахуйн нэгжүүд Монгол Улстай салбар бүрт хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Цаашид хоёр хотын харилцааг улам өргөжүүлэхэд анхаарч ажиллана” гэсэн юм.
Улаанбаатар, Инчон хотын иргэдийн хурлын дарга нар болон төлөөлөгчид соёл, урлаг, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллахаар санал нэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.