Энэ жил дэлхийн хамгийн цэцэглэн хөгжиж буй улсаар Шинэ Зеланд нэрлэгдсэн байна. Жил бүр ийм чансааг гаргадаг Их Британийн нэгэн байгууллага уг дүгнэлтийг хийжээ. Сүүлийн долоон жил чансааг тэргүүлж байсан Норвеги Улс хоёрт бичигдэв. Боловсрол, аюулгүй байдал, экологи зэргээс бусад үзүүлэлтээр Норвеги Шинэ Зеландаас хоцорчээ. Гуравдугаар байрт Финланд орсон аж. Финланд төрийн удирдлага, ардчилал хөгжсөн байдал, хууль эрхзүйн орчин зэргээрээ шилдгээр тодров.
Боловсролын салбараараа тэргүүлдэг Швейцарь Улс чансааны дөрөвт орсон гэнэ. Ард нь Канад, Австрали, Нидерланд, Швед, Дани Улсууд бичигджээ. Жилийн өмнө 15-д бичигдэж байсан Их Британи өөрийн үзүүлэлтүүдийг сайжруулан 10-т багтав. Чансааг гаргахдаа Legatum Institute байгууллагынхан дэлхийн 149 орны хөгжил цэцэглэлтийг тодорхойлдог 104 хүчин зүйлийг авч үздэг юм. Эдгээр үзүүлэлтэд нэг хүнд ногдох ДНБ, ажилгүйдлийн түвшин зэрэг бусад эдийн засгийн үзүүлэлтүүд багтдаг аж. Түүнээс гадна үүрэн гар утас хэрэглэгчдийн тоо, хүүхдийн эндэгдэл, ард иргэдийн сонгуульд итгэх итгэл зэрэг маш олон үзүүлэлт байдаг гэнэ.
Эх сурвалж: www.wikimon.mn