НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас санаачлан оруулсан Бичиг үсгийн боловсролын тухай тогтоол нийтийн зөвшилцлөөр санал хураалтгүй батлагдлаа.
Бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх талаар бүх нийтээр олон арван жил хүчин чармайлт тавьж байгаа боловч өдгөө дэлхий дээр 760 гаруй сая насанд хүрэгчид бичиг үсэгт тайлагдаагүй, бага сургуулийн насны 650 сая хүүхдийн 250 сая нь бичиг үсгийн боловсрол эзэмших нөхцөл бололцоогоор хангагдаагүй хэвээр байгааг Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хэлэлцүүлэгт зориулж гаргасан ЮНЕСКО-ийн илтгэлд дурджээ. Тиймээс 2015 онд батлагдсан Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт бичиг үсгийн боловсролын асуудал дангаар зорилт болж ороод байгаа билээ.
Шинэчилсэн тогтоолд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр дэх бичиг үсгийн болон насан туршийн чанартай боловсролын тухай зорилт, дэд зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон ЮНЕСКО-гийн Бичиг үсгийн боловсролын төлөөх бүх нийтийн түншлэл (Global Alliance for Literacy), Бүх нийтийн боловсролыг санхүүжүүлэх олон улсын комисс (International Commission on Financing Global Education Opportunity) зэрэг бүх оролцогч болон дэмжигч талын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт хэрэгтэйг цохон дурдсан. Мөн эмзэг бүлэг, хөдөө нутгийн болон хүмүүнлэгийн хямралын орчинд байгаа хүүхдүүдийн бичиг үсгийн боловсролын асуудлыг тусгайлан анхаарах хэрэгтэйг дурдсан нь энэхүү тогтоолын онцлог байв.
Монгол Улсын санаачилсан Бичиг үсгийн боловсролын тухай тогтоолд НҮБ-ын гишүүн 101 улс хамтран зохиогчоор нэгдлээ.
Гадаад харилцааны яам