Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Элизабет Барсакийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Элизабет Барсак “Манай хоёр орны найрамдалт харилцаа тэр дундаа хотуудын харилцаа өндөр түвшинд байдаг. Бид боловсролын салбарт оюутан болон багш солилцоог жил бүр явуулж байгаа. Үүнээс гадна хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа олон төсөл бий. Зарим нь олон жилийн хугацаанд хэрэгжиж байна. Энэ удаагийн уулзалтаар хот төлөвлөлтийн талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах талаар ярилцах хүсэлтэй байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хот төлөвлөлтийн тал дээр хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллах нь зайлшгүй шаардлагатай. Үүгээр зогсохгүй Парис хоттой харилцан хамтын ажиллагааг бэхжүүлж, мэргэжлийн туршлагатай хүмүүсийг өөрийн хотдоо урьж хот төлөвлөлтийн талаар сургалт, семинар зохион байгуулах сонирхолтой байна” хэмээн хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.