Монгол Оросын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын “Новосибирск хотноо Монгол, Оросын хамтын ажиллагаа 2016, эдийн засгийн форум” боллоо. Тус форумд УИХ дахь Монгол, Оросын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангаар ахлуулсан 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Монголын талаас оролцсон. УИХ-ын таван гишүүн, Улаанбаатар Хотын ерөнхий менежер, холбогдох албаныхан албан ёсны уулзалтанд оролцож хот тохижилт, ногоон байгууламж, аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол зэрэг 8 чиглэлээр хамтран ажиллахаар болсон.
Энэхүү ойн арга хэмжээний үеэр Хотын Ерөнхий менежер Новосибирск хотын даргатай албан ёсны уулзалт хийж, “Сибирийн гадаад орнуудтай хамтран ажиллах нийгэмлэг”, “Ломмета” ХХК-ний хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хүрээнд хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийг хийх талаар “Ломмета” ХХК-нийхантай ярилцаж, тус компанийн хөрөнгөөр Улаанбаатар хотын хуучны угсармал 2 орон сууцны гадна фасадыг бүрэн дулаалах шийдэлд хүрсэн. Удахгүй Ломмета” ХХК-ийн төлөөлөл Монголд ирж хуучны орон сууцнуудын барилгын насжилт, даац, газар хөдлөлтөнд хэр тэсвэртэй зэргийн судлан дүгнэлт гаргаж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцах юм.