Хэвлэлийн бага хурал хийж саяхан гаргасан ТТЭНН-ын мэдэгдлийг Монголын тун цөөн сайт дамжуулав. Монголын нэн шинэ түүхэнд гарсан ил тод луйвар дээрмийг чимээгүй өнгөрөөх ноцтой шалтгаан олигархуудад байгаа учраас хэвлэл мэдээллийг хааж, хянаж байна. Ийм учраас ТТЭНН-ын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЛИЙН НАМЫН МЭДЭГДЭЛ
Монгол Улсын төсвийн 40 хувийг дангаар бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийг МАНАН бүлэглэл хууль бусаар авч түүнийгээ Монголд ашигтай ажил хийсэн мэтээр тайлбарлаж байгааг ТТЭНН эрс эсэргүүцэж байна.
Эрдэнэтэд хувьчлал болоогүй, “худалдан авалт” л болсон гэж ерөнхийлөгч мэдэгдсэн. Тэрээр хэлэхдээ, “Эрдэнэтийн хувьчлал гэж хүмүүс яриад байна. Гаднын улс орон, аж ахуйн нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн. Тэгэхлээр нэр томъёоны хувьд хувьчлал биш…Хэрэв энэ хувьчлал байсан бол УИХ-аар хэлэлцүүлэх хуультай” гэж мэдэгдсэн. Зөвхөн энэ өгүүлбэрээрээ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийгөө илчилсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн 49% хувийн өмчид шилжсэн л бол бид “Эрдэнэтийн хувьчлал” гэж ярих эрхтэй. Хэрэв Монголын болон Оросын талын аль нь ч хувьчлал явуулаагүй, харин “зүгээр л худалдан авалт” хийсэн байхад яахаараа Эрдэнэтийн 49% ганцхан компанийн хувийн өмч болов гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлбарлах ёстой. Ноён Ц.Элбэгдорж “нэр томъёоны хувьд хувьчлал биш” гэж залилах оролдлого хийсэн ч бодит байдал дээр хувьчлалтай төстэй дээрэм болсон нь тодорхой байна.
Эрдэнэт Монголд ч, ОХУ-д ч төрийн өмч байгаа тохиолдолд түүнийг худалдах эсэх нь хоёр төрийн мэдлийн асуудал мөн. ОХУ өөрийн мэдлийн хувийг манайд зарж шилжүүлсэн тохиолдолд түүнийг өмчлөгч нь юуны өмнө Монголын төр байх нь гарцаагүй. Монголын төр ямар ч хувьчлал явуулаагүй. Иймээс Эрдэнэт үйлдвэр Монголын бүх ард түмний өмч хэвээрээ байна.
Гэтэл МАНАН бүлэглэл Монголын төр өөрийн мэдлийн өмчийг өмчлөх эзэмших эрхээс татгалзсан мэт бусармаг үйлдэл хийхийн зэрэгцээ Монголын бүх ард түмний өмчийг хувийн өмчид хууль бус аргаар булаан авсан энэ үйлдлийг луйвар дээрмийн гэмт хэрэг гэж ТТЭНН үзэж байна.
Мөн Эрдэнэтийг хувьчлах эсэх тухай асуудлыг төрийн эрх мэдлийг барих дээд байгууллага УИХ шийдвэрлэх ёстой атал Монгол төрийн эрх барих дээд байгууллага-УИХ-ыг үгүйсгэн алгасч Эрдэнэтийн 49 хувийг хувийн өмчид хууль бусаар шилжүүлжээ.
Эрдэнэтийг “Монгол зэс” гэдэг компани авсан гэх боловч үнэн хэрэг дээрээ Худалдаа Хөгжлийн банк гаднын үл мэдэгдэх зээлээр худалдан авсан нь тодорхой байна. Гэтэл ХХБ нь МАНАН-г тэтгэж байдаг олигархуудын мэдэлд байдаг ба тэд Эрдэнэтийг тус үйлдвэрийн өөрийн нь мөнгө болон эх үүсвэр нь үл мэдэгдэх гадаадын мөнгөөр худалдан авсан нь тодорхой болж байна.
Эрдэнэтийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой дараах хувилбаруудыг ТТЭНН санал болгож байна. Үүнд:
1.Эрдэнэт үйлдвэрт үүссэн асуудлыг УИХ-аар дахин нухацтай, ил тод хэлэлцэж шийдвэрлэх
2.Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг төрийн мэдэлд авч, 100 хувь төрийн өмчит компани болгох
3.Эрдэнэтийн 49 хувийг бүх ард түмэнд хувьцаа болгон хүртээх
4.Нээлттэй тендер зарлан Эрдэнэтийн хувьчлалд Монголын аж ахуйн нэгжүүдийг адил, тэгш эрхтэй оролцох боломж бүрдүүлэх.
Дээрх хувилбаруудын аль нь ч байсан хуулийн дагуу УИХ-аар орж, нээлттэй, ил тод шийдвэрлэх ёстой. МАНАН бүлэглэл өмнө нь нууц хулгай хийдэг байсан бол одоо цагаандаа гарч бүх нийтээрээ харж байхад дээрэм хийдэг болжээ. Эрдэнэтийг луйвардсан МАНАН-гийн бусармаг үйлдлийг таслан зогсоож, гэм буруутныг цээрлүүлэн, хууль ёсны өмчөө мэдэлдээ авч үлдэхийн тулд тэмцэл өрнүүлэхийг ТТЭНН Монголын ард түмэнд уриалж байна. МАНАН хулгайч эхлээд таны эзгүйд гэрийг тань ухдаг байсан бол одоо байхад тань орж ирээд дээрэмдээд гардаг боллоо. Үүнийг хүлцэн тэвчсээр сууж болохгүй ээ. Бид, Монголын иргэн бүр эх орныхоо баялгийг хамгаалах үүрэгтэй.
Юуны өмнө Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийг хууль бус худалдан авалтаас хамгаалах үүрэгтэй юм. Гэтэл үүний оронд харин ч нийлж хууль бус үйлдэл хийсэн Ерөнхийлөгч огцрох ёстой гэж үзэж байна.
МАНАН бүлэглэлийн хэрээс хэтэрсэн, бусармаг үйлдэл, хуваарьгүй ноёрхлын эсрэг бүх нийтийн тэмцэл эхлүүлж байгаагаа ТТЭНН мэдэгдэхийн хамт энэ тэмцэлд хамтрахыг улс төрийн бүх нам хүчин, Монголын ард түмэнд хандан уриалж байна.
Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам