-С.Баярцогт Оюутолгойгоос авсан 1 сая ам.доллараа оффшорт нуусан уу-
Эх оронч эрсийн “Дархан Монгол Ногоон Нэгдэл”-ээс доорхи постийг өөрсдийн фэйсбүүк хуудастаа байршуулжээ.
“…2010 оны “Өнөөдөр” сонины 257 дугаарт мэдэгдэл хэвлүүлснээс үзвэл: “Ноён Фрийдланд Монголын төрийг худалдан авахын тулд УИХ-ын 76 гишүүн бүрт нэг, нэг сая доллар өгсөн. Үүнийг ч гишүүд хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн 21 хүн 7-50 сая долларыг хувьдаа завшсан байдаг. Бид нэр бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газар өгсөн. Гэтэл өндөр албан тушаалтнууд оролцсон учир тус газрын даргыг ажлаас чөлөөлөхийг оролдож байна”.
Одоо үнэн байсан нь батлагдаж, бид монголын дотоодын дайснуудаа бодит баримттай таниж мэдлээ. Хятадад, улс орныг их өрөнд унагааж, өөрсдөө баян хүний амьдралаар гадаадад “жаргах” гэсэн төрийн ажилтнуудаа өчиггүй ялын дээд хэмжээ оногдуулдаг. С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт… мэтийн олон өчүүхэн этгээдүүд хэдийнээ “золигт гарцгаах” хэмжээний гэмт хэрэг Үндэстний өмнө үйлдэцгээсэн.
Түшмэдүүд Монгол улсыг их өрөнд оруулсан харин гадныхныг баяжуулсан Оюутолгойн гэрээ байгуулсныхаа төлөө их хэмжээний хахууль авсан нь улам тодорхой боллоо.
Луйврын гэрээг хийж 45 тэрбум доллар олохын тулд “Хорт” хочит Фрийдланд ердөө л нэр бүхий, тухайн үед монголын төрд гарсан байсан дайснуудад 250-хан саяхан доллар зарцуулжээ.
Энэ илт дээрмийг хүлцэн тэвчихээ зогсоож, иргэд удахгүй эсэргүүцнэ. Гэрээ хүчингүй болон цуцлагдаж, хахууль авсан нөхөд шударга шүүхийн өмнө бөхийн шоронд орж, улсыг өрөнд оруулсан зээлийг бүх хураалгасан хөрөнгөөрөө төлсний дараа олон нийтийн бухимдал намжиж, үнэн зөвийг тогтооно. Ингэснээр Монголын гэгээлэг сэргэн мандалтын үе эхэлнэ” хэмээжээ.
Тэгвэл Оюутолгойн гэрээний гол будилааны эзэн С.Баярцогт энэхүү гэрээ байгуулагдахад Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд дээр дурдсан 1 сая ам.долларыг өөрийн оффшор бүс дэх нууц дансанд байршуулсан байх магадлалтай юм. Цаг хугацааны хувьд ч тэгж таарч байна. Түүнчлэн С.Баярцогтыг Сангийн сайд болонгуутаа өмнөх Сангийн сайд Янсанжавын Очирсүхийн адилаар оффшор данс нээсэн гэдэг.
Ямартай ч, хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол Улсын Их Хурлын гишүүд улсаа 1 сая ам.доллараар “зарсан” гэсэн үг юм. Оюутолгойн хувьд Монгол Улсыг хагас зуун жил ганцаараа шахуу тэжээсэн “Эрдэнэт” үйлдвэрээс хэд дахин ашигтай орд газар юм. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр ердөө 51 хувиараа Монгол Улсыг 50 жил тэжээсэн, цаашид ч 50 жил тэжээнэ.
Тэгтэл Монголын гурван сая хүн амийг хүн шиг амьдруулж, Монгол Улсыг Улс шиг хөгжүүлэх Оюутолгойгоос 2037 он хүртэл ашиг хүртэхээргүй болчихоод сууж байна. Мэдээж энэ дунд Монголын ард түмэнд ирэх ёстой баялгийг дундаас нь хуваан завшсан, төрд гарсан цөөн хэдэн луйварчид баяжиж, гадаадад амьдарч, албан тушаалын сургаар эх орноо тоож ирдэг болсон нь нууц биш болоод байгаа билээ.
Нинж