Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Үндэсний чанарын хөтөлбөр батлах тухай” 344 дүгээр тогтоолоор “Үндэсний чанарын хөтөлбөр”, “Үндэсний чанарын зөвлөл”-ийг тус тус батласан байдаг. “Үндэсний чанарын зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан 11-р сарын 14-нд боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх даргалж “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийн талаар хэлэлцлээ.
Чанарын хөтөлбөр, төлөвлөгөөг 2016-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, олон улсын болон гадаадын зээл тусламж, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөс бүрдүүлэх юм.
Хөтөлбөрийн хүрээнд Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай, Хяналтын тухай хуулийг шинэчлэн, Бүтээгдэхүүний тухай ерөнхий хуулийг шинээр боловсруулж батлуулж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
Мөн чанарын дэд бүтцийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боловсролын тогтолцоо бүрдэж, хүний нөөцийн ур чадвар дээшлэн, сургалтын орчин, материаллаг бааз бэхжинэ. Чанар, тохирлын үнэлгээний талаарх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, олон нийтийн мэдлэг, ойлголт нэмэгдэж, олон улсын стандартыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулснаар бүтээгдэхүүний чанар дээшилнэ.
Түүнчлэн удирдлагын тогтолцооны (ISO 9001, ISO14001, ISO50001, OHSAS18001) стандартыг хэрэгжүүлсэн байгууллагын тоо нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар дээшилнэ. Хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилгын салбарын үйлчилгээний стандарт олон улсын жишигт хүрч, экспортын бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний дүн худалдааны түнш орнуудад хүлээн зөвшөөрөгдөнө гэж үзэж байна.