Франц улсын Парис хотноо энэ сарын 01-11-ний өдрүүдэд “Ойрхи дорнод болон Азид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн аюулгүй байдалд тулгарч буй сорил” сэдэвт 12 дахь удаагийн чуулга уулзалт боллоо.
Афганистан, Саудын Араб, Бахрин, Бруней, Канбож, БНХАУ, Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг, Индонез, Иран, Ирак, Япон, Кувэйт, Филлипин, Сингапур, Вьетнам, Йемен зэрэг 24 орны 30 гаруй төлөөлөгч оролцсон уг чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн Батлан хамгаалахын яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох нар оролцоод ирлээ.
Тус чуулганд Францын Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Европын Холбоо, Европын комиссын Уур амьсгалын асуудал хариуцсан голлох мэргэжилтнүүд, Парисын Их сургуулийн тэргүүлэх судлаачид, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлууд, Парис хотын Сенаторууд оролцож мэдээлэл хийсэн байна.
Түүнчлэн чуулганы төлөөлөгчид өдөрт 1-2 удаагийн мэдээллийг онолын хэлбэрээр сонсож, “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн, байгалийн баялаг, газар нутгийн төлөөх өрсөлдөөн нь бодит уу? Хэтрүүлэг үү?”, “Бэлэн байдлын хүчин чадалд үзүүлэх нөлөө, аюулгүй байдлын стратегийг хэрхэн зохицуулах тухай”, “Уур амьсгалын өөрчлөлтийг тогтворгүйжүүлж буй хүчин зүйлсийн эсрэг бүс нутаг болон олон улс хамтран ажиллах нь” гэсэн ажлын гурван хэсэгт хуваагдан өөр, өөрийн улс орон, бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй асуудлуудаар харилцан мэдээлэл хийж ажилласан аж.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтохын хувьд “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн, байгалийн баялаг, газар нутгийн төлөөх өрсөлдөөн нь бодит уу? Хэтрүүлэг үү?” гэсэн ажлын нэгдүгээр хэсэгт, Батлан хамгаалахын яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга, бригадын генерал Ч.Сосорбарам “Уур амьсгалын өөрчлөлтийг тогтворгүйжүүлж буй хүчин зүйлсийн эсрэг бүс нутаг болон олон улс хамтран ажиллах нь” гэсэн ажлын гуравдугаар хэсэгт орж ажиллаж, мэдээлэл хийжээ.
Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох чуулганд оролцох явцдаа Францад суугаа элчин сайд М.Батсайхан, Элчин сайдын яамны зөвлөх У.Нямхүү нартай уулзаж, Онцгой байдлын албаны талаар мэдээлэл хийж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.