Дэлхий нийтээрээ 2009 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “Уушгины үрэвсэл өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарлаж 6 тив 36 улсын нийт 167 байгууллага идэвхтэй тэмдэглэж ирсэн бол энэ жил “Уушгины үрэвсэлт өвчний тархалтыг эрчимтэй үйл ажиллагаагаар зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Уушгины хатгалгаа өвчин нь дэлхий дахинд 5 хүртлэх насны хүүхдийн өвчлөл нас баралтын голлох шалтгаануудын нэг болж байгаа ба жил бүр 1,4-2 сая хүүхэд уг өвчний улмаас эндэж байна.
Манай улсад амьсгалын тогтолцооны шалтгаант нас баралт нь 0-1 хүртлэх насны хүүхдийн эндэгдлийн дотор төрөх тойрны эмгэгийн дараа 2 дугаар байранд, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзлэж байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн эндэгдлийн 20 хувь буюу нас барсан 5 хүүхэд тутмын 1 нь хатгаа өвчний хүндэрлээр нас барж байгаа нь нийтээрээ тус өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх шаардлагатайг харуулж байна.
Тус өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэд, олон нийтэд уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх сургалт сурталчилгаа зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд үүний нэг арга хэмжээ нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан ”Уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн