Монгол улс он удаан жил уул уурхайн түүхий эд, тэр дундаа зэсийн баяжмалын экспортын орлогоос өндөр хамааралтай байсаар ирсэн. Харин 2011 оноос зөвхөн зэсийн баяжмалаар зогсохгүй нүүрсний экспорт нэмэгдэж тухайн ондоо 2.3 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 47 хувийг эзэлж, улмаар эдийн засгийн өсөлт тухайн жилдээ 17.3 хувьтай болсон нь дэлхийд хамгийн өндөр өсөлт байв. Тэгвэл үүнээс хойш түүхий эдийн гол худалдан авагч болох БНХАУ- ын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурсан.
Харин 2016 оны 3 дугаар улиралд БНХАУ чанарын шаардлага хангахгүй нүүрсний уурхайнуудыг хаах шийдвэр гаргасан, АНУ-ын шинэ ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлж буй дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотойгоор дэлхийн зах зээлд түүхий эдийн эрэлт өсөх хүлээлттэй байна. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин өсч, нэг тонн нүүрсний үнэ 103.7 ам.доллар, цэвэршүүлсэн зэсийн үнэ 20 хувиар өсч, нэг тонн зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр 5900 ам.долларт хүрээд байна.
Эх сурвалж: БНХАУ-ын ГЕГ