Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо.
Ингэснээр батлан хамгаалахын бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн “Сургууль төвт” тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил төвшинд очих, ижил стандартаар сургалт явуулах бололцоотой болох юм. Мөн багшлах боловсон хүч чадваржиж мэргэшин, зохион байгуулалт, нөөцийн бодит дэмжлэг бий болно.
Манай улсын батлан хамгаалах салбартай хамтын ажиллагаатай АНУ, БНХАУ, Турк, БНСУ зэрэг олон орны Үндэсний батлан хамгаалахын сургууль, бүс нутгийн болон олон улсын байгууллага, холбоотой харилцахад “Үндэсний” гэх тодотгол нь статусыг нь өргөж, илүү өргөн хүрээнд, харилцан итгэлцэлд тулгуурлан адил түвшинд хамтран ажиллах нөхцөл, боломж бүрдэнэ гэж Батлан хамгаалах яам үзжээ.