Хувалз шиг хувийн цэцэрлэгүүд

Гэвч үнэндээ энэ хичээлийн жилд хувь, хувьсгалынх нийлсэн 1357 цэцэрлэгт “эрийнхээ сайнд” арай ядан толгойгоо шургуулж амжсан 241 мянга гаруй хүүхдийн ард хэдэн зуу, мянган бүлтийсэн нүд зурагт, гар утсаар хань хийн гэртээ үлдсэнийг бид мэднэ. Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас нэг хэсэг биш, нэлээд олон хүүхдийн сурч, хөгжих эрх ийнхүү зөрчигдөж байхад энэ орон зайн дээр хувийн бизнес хийн, ашиг хонжоо олох гэсэн шунахай сэтгэлтэн нэмэгдэх болсон нь хамгийн эмгэнэлтэй.

Сар бүр 850 мянган төгрөгийн төлбөр авдаг хэрнээ хуруун чинээ хүүхдийнх нь ариун цэврийн хэрэгслийг хүртэл аав, ээжээс нь ичих ч үгүй нэхсэн цэцэрлэг байна, цаана чинь. Тэр жаахан амьтад ариун цэврийн цаас, нүүр гарын саван, оо, сойз хэрэглээд юу л шалиа аж дээ. Монголын боловсролын салбарыг хэн дуртай нь удирдаад, ийм эмгэнэлт инээдмийн жүжиг найруулан тоглож байна гэхээр хэлэх үг даанч олдохгүй юм.

Үүнийг өөгшүүлэн, дээрээс нь бүр нэмээд хувийн өмчийнх хэрнээ ганц ч төгрөгийн төлбөргүй найман цэцэрлэгтэй адилхан хувьсах зардал улсаас олгож л байдаг манай төр, засаг ч гэж хөөрхий дөө.

Боловсролын тухай хуулийн 40.2-д “…өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасан нь хувийн сургууль, цэцэрлэгүүд салбарын яамныхныхаа амыг таглах хангалттай шалтгаан болдог гэнэ.

Хувьсах зардлаар оролдоход тээг садаа болж буй энэ мэт хуулийн заалтдаа, тэр дундаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэн тэргүүнд нэмэлт өөрчлөлт оруулахаар БСШУСЯ-наас ажлын хэсэг гаргасан тухай мэргэжилтэн нь хэлж байна. Тэгэхээр ирэх жилийн төсөв хэлэлцэхэд ямар ч байсан хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг хавтгайруулан, бүгдэд нь адил хэмжээтэй олгохгүй болсон байна гэж найдъя.

Ер нь бол хувийн сургууль, цэцэрлэгүүдэд аудитын шалгалт оруулж, тэдний урсгал болон тогтмол зардлыг тооцож гаргаад, дээрээс нь олбол зохих ашгийг нь нэмж бодсоны үндсэн дээр хэдэн төгрөгийн төлбөртэй байвал болохыг, мөн хувьсах зардлаа яг юунд зарцуулдагт нь хяналт тавих шаардлагатай байгааг учир мэдэх хүмүүс хэлсэн.

Гэвч аль ч засгийн үед хувийн сургууль, цэцэрлэгүүдээр аудитынхан оролддоггүй учраас тэд даварсаар даварсаар тархин дээр гараад суучихаад байна гэхэд хилсдэхгүй.

Хоёр жилийн өмнө хувийн цэцэрлэгүүдэд олгодог хувьсах зардлыг багасгах тухай яриа гарангуут тэд үтэр түргэн эвлэлдэн нэгдэж, “Хувийн цэцэрлэгүүдийг ялгаварлан гадуурхах, төрөөс өгөх хувьсах зардлыг багасгах, тогтоосон хугацаанд олгохгүй хойшлуулах, хамрагдсан хүүхдүүдийн маань тоог хасаж бүртгэх гэх мэт зөрчил сүүлийн үед их гарч байна.

Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Төрийн, хувийн гэлтгүй сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхэд бүрт ижил хэмжээтэй хувьсах зардал олгох ёстой” гэсэн шаардах бичиг энд тэндгүй барьж гүйсээр санаснаа гүйцээж байв.

Төрийн нуруун дээрх ачаанаас үүрэлцэж, 33 мянган хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж буй хувийн цэцэрлэгүүдэд мэдээж юуны өмнө талархах учиртай. Тэдний нийгэмд гүйцэтгэж буй үүрэг асар их. Гэхдээ юманд бас жудаг гэж нэг юм байх ёстой шүү дээ. Хэт өндөр төлбөртэй (сард 400 мянган төгрөг буюу түүнээс дээш төлбөртэй) гэсэн ангилалд багтдаг нийт 20 цэцэрлэг Улаанбаатарт бий.

Тэднээс “Орчлон төв”, “Элит багачууд”, “Орчлон”, “Шинэ гэр”, “Эко гэр” гэсэн тав нь сард 800-880 мянган төгрөгийн төлбөртэй. Гэтэл жилийн 4-8 сая төгрөгийн төлбөр эцэг, эхчүүдээс авдаг дээрх 20 цэцэрлэгт л гэхэд улсаас нэмээд 1.3 тэрбум төгрөгийн хувьсах зардал өгнө гээд бод доо. Уг нь энэ мөнгөөр 180 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг барих боломжтой юм.

Хэрэв эдгээр цэцэрлэгийн эзэд жаахан жудаг гаргаад хувьсах зардлаасаа татгалзсан бол ирэх намар 540 хүүхэд цэцэрлэгтэй болох байв. Эсвэл манай төр, засаг жаахан зангарагтай загнаад, “Ядаж эдийн засгийн хямралтай байгаа энэ жилдээ хэт өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг 50 хувь бууруулъя” гээд нүдээ тас аниад гүрийчихсэн бол дор хаяж 250 хүүхдийн багтаамжтай нэг цэцэрлэг барих мөнгөтэй үлдэж болох байлаа.

Үүн дээр өндөр төлбөртэй буюу сард 200-400 мянган төгрөг эцэг, эхчүүдээс авдаг 235 цэцэрлэгт зарцуулдаг мөнгийг (230 нь Улаанбаатарт, тав нь Орхон аймагт бий) нэмбэл гол харламаар дүн гарна. Тэдэнд хувьсах зардал гэж улсаас өгдөг 21 тэрбум төгрөгийн ядаж талыг цоожтой хаалганы цаана үлддэг хөөрхий багачуудын төлөө зориулсан бол 20 цэцэрлэгтэй болчих байсан санж.

Амьтны нялх үрсийг алагчилж байгаа ч юм биш, гэхдээ төмөр замын байгууллагын харьяа цэцэрлэгүүдийн 5180 хүүхдэд хүртэл улсаас хувьсах зардлыг нь 100 хувь бүрэн өгөх ямар хэрэгтэй юм бэ. Төмөр замынхан хангамж сайтай байдгийг монголчууд бүгд л мэднэ шүү дээ. Гэтэл тэдэнд жил бүр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хувьсах зардал өгч байхаар ядаж талыг нь төмөр замын байгууллагаар өөрсдөөс нь гаргуулах зохицуулалт хийж болдоггүй юм уу.

Нэгэнт илүү олон монгол хүүхдийг цэцэрлэгт хамруулъя гэсэн бодлого баримталж байгаа юм бол төрийн болон төрийн бус өмчийн хоёр цэцэрлэг улсаас яг адилхан хувьсах зардал авдаг байж болох л доо. Гэвч нэг нь эцэг, эхчүүдээс жилд найман сая төгрөгийн төлбөр авдаг, нөгөө нь улсаас тогтмол зардал гэж хэдхэн “цаас” царайчилж аваад, түүгээрээ урд хормойгоо нөхөх үү, хойд хормойгоо цоолдох уу гээд толгойгоо гашилгаж суудаг тогтолцоог яав ч эрүүл гэж хэлэхгүй ээ.

Саяхан хувийн сургуулийн хувьсах зардлын тухай хөндөж бичихэд цөөнгүй хүн сэтгүүлч намайг “Өөрөө төлбөртэй сургуульд хүүхдээ сургаж чадахгүй болохоороо атаархаж байгаа юм” гэх мэтээр хэлнэ лээ. Одоо ийн бичихээр дахиад “Төлбөрийг нь хүчрэхгүйдээ хувийн цэцэрлэгүүдийг бичлээ” гэж магад. Гэхдээ зүгээр ээ. Хүүхдээ эрдэм номтой хүн болгохын төлөө шаардлагатай бол төлбөрийг нь төлөөд сургаж би чадна.

Гагцхүү хүүхдийнхээ төлбөрийг өөрөө төлчихсөн хэрнээ “Улсаас зүгээр өгч байгаа юмыг манай хүүхэд ч гэсэн авах хэрэгтэй” хэмээн илүү харж, бусдын нялх үрийн сурах, хөгжих эрхийг хязгаарлан, урдуур нь хөндөлсөх бодол өчүүхэн ч үгүй тул үүнийг дахин бичиж байгаа юм. Хувийн цэцэрлэг, сургуульд хүүхдээ сургадаг хүн манай ажил, миний эргэн тойронд зөндөө бий.

Тэдгээр цэцэрлэг хүүхдийнхээ тоог хэрхэн нэмж, улсаас хувьсах зардлын мөнгө авдгийг тэд мэднэ, надад ч хэлдэг. Өвлийн улиралд ханиад томуу, хүйтнээс болоод хүүхдээ цэцэрлэгт нь явуулаагүй байхад яав ийв гэдэггүй хэрнээ шалгалтаар хүмүүс ирэх болохоор “Хүүхдээ авчраад тоонд оруулчих л даа” гэж утас цохидог газар бишгүй. Хүүхдээ өөр тийшээ шилжүүлчихсэн байхад нь хүртэл тэгж утасдан царай алддаг цэцэрлэгийнхэн ч бас байдаг юм шүү дээ.

Unuudur.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …