Эдийн засгийн болон Хуульзүйн байнгын хороо хуралдаж Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг өнгөрсөн 7 хоногт хэлэлцэх байсан ч АН-ын зүгээс завсарлага авсан байгаа юм.
Учир нь тус намын гишүүдтэй холбоотой “но” болон Чингис бонд, Самурай бондын мөнгийг хэний компани хэрхэн яаж авч зарцуулсан, яаж үрэгдүүлсэн гэх асуудлыг шалгалтаар ярилцаж мэдээлэл сонсох байсан юм. Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулан байгуулсан бөгөөд 1.3 их наядын зөрчил илэрсэн болохыг тодотгосон. Харин эл мэдээллийг хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авч хойшилсон.
Учир нь тус бүлгийн гишүүдэд Хөгжлийн банкны шалгалтын дүнтэй холбоотой материалыг ирүүлээгүй байсан байна. УИХ-ын дэгээр хэлэлцэх асуудлын талаарх материалыг гишүүдэд 3 хоногийн өмнө өгдөг. Гэтэл 3 цагийн өмнө гишүүдэд холбогдох материал хүргэгджээ.
Тиймээс АН-ын бүлэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалтай танилцаагүй гэсэн шалтгаанаар завсарлага авсан. Харин шинэ долоо хоногт завсарлагын хугацаа дуусаж байгаа тул улс төрийн намуудын дунд маргаан дагуулж байгаа шалгалтын дүн хэлэлцэгдэх нь тодорхой болжээ.
Эх сурвалж: Zaluu.com