АНУ Монгол Улсаас тавьсан богино хугацаагаар ажиллах хүч гаргах хүсэлтийг судлахаа мэдэгджээ

Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-наас монгол иргэдэд олгож буй визийн ярилцлагын цаг авахад хоёр хүртэл сар хүлээж буйг анхааралдаа авч, консулын ажилтны орон тоогоо нэмэгдүүлэх хүсэлтийг Америкийн талд тавьснаа дуулгасан юм.

Мөн энэ сарын нэгэнд Вашингтон хотноо болсон Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын XI зөвлөлдөх уулзалтын үеэр АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах буюу АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамруулах асуудлыг тавьсан бөгөөд Америкийн тал Монгол Улсыг 2018 оноос эхлэн дээрх хөтөлбөрт хамруулах боломжийг судлахаа мэдэгджээ.

Түүнчлэн манай улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах сонирхолтой байгаагаа илэрхийлж, хөтөлбөрт хамрагдах шалгуур нөхцлийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах чиг хөндсөн гэдгийг дэд захирал Л.Мөнхтүшиг хэллээ.

Тэрбээр цааш ярихдаа, “ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцсон. Мөн жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг Монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгож байх хүсэлт бүхий ноот бичгийг өнгөрсөн 7 хоногт гардуулсан.

Хоёр талын иргэд солилцоонд тулгуурласан худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, БНСУ-д оршин суугаа болон зорчиж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хоёр талын консулын зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэй байдаг. Тиймээс өнгөрсөн хоёр жилд тасалдаад байсан энэхүү уулзалтыг 2017 оны эхний хагаст зохион байгуулахаар зарчмын хувьд харилцан тохиролцоод байна гэсэн юм.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …