Tөвдөд одоо хүртэл ах дүүс дундаа ганц эхнэр авдаг уламжлал амь бөхтэй оршсоор байна. Энд эмэгтэйчүүд ховор учраас дундаа ганц эхнэр авдаг юм биш, хүүхнүүд нь секст дуртайдаа ч олон эртэй суудаг юм биш. Харин эдийн засгийн шалтгааны улмаас.
Яагаад гэвэл төвд айл өөрийн эд хөрөнгөө бүх хүүхэддээ адил тэгш хуваадаггүй, тэгвэл бүгд ядуурна гэж үздэг. Тэгээд ч эрэгтэй хүүхэд болгондоо эхнэр авах гэж инж өгч байхаар ганц бүсгүйг бэр буулгаад л дундаа “ашигладаг” аж. Төвдөд зөвхөн том хүү нь өв залгамжлах эрхтэй, тэр л албан ёсоор гэрлэдэг. Харин бусад хүүхэд нь буюу дүү нар нь тэгэхээр үүрд том ахынхаа эд хөрөнгийг өсгөж арвижуулахын төлөө зүтгэдэг үнэ хөлсгүй боол.
Гэхдээ эхнэрийг нь тусгай хуваарийн дагуу ээлжлэн “хэрэглэж”, бие махбодийн хэрэгцээгээ хангаж болно. Хуваарийн дагуу нэг нь эхнэртэйгээ энгэр зөрүүлэхээр орохдоо үүдэнд нь гутлаа үлдээж бусдад мэдээлдэг аж. Гаж хачин мэт боловч иймэрхүү гэр бүлд хадам эцэг нь бэртэйгээ бэлгийн харьцаанд орохыг хэвийн үзэгдэл гэж үздэг юм байна.
Гэр бүл гэхэд хэцүү ийм холбооны улмаас мэдээж үр хүүхдүүд мэндэлнэ. Тэдгээр хүүхэд нэг эхтэй, нэлээд хэдэн эцэгтэй гэсэн үг. Хэн нь хэний хүүхэд гэдгийг хэн ч ялгаж салгахгүй, тоох ч үгүй, хамтад нь өсгөөд л болоо. Зарим тосгонд ийм айлын хүүхдүүдийг зөвхөн том хүүгийнх гэж үздэг. Өөрөөр хэлбэл хууль ёсоор гэрлэсэн эрийн. Гэхдээ энэ чухал биш, тэдгээр хүүхэд бүгд нэг удам угсааных гэдэг нь гол. Нэг эцэг нь үхлээ гэхэд бусад нь түүний хүүхдүүдийг яг өөрийнх мэт тэжээдэг. Эмэгтэйн хувьд өөрийнх нь хүүхдүүдийг тэжээх эрийн тоо олон бол бүр сайн.
Энэ хүүхдүүд том болсон хойноо яг л ийм амьдралаар насыг барна. Охид төрсөн бол олон нөхөртэй болох хувь тавилан тэднийг хүлээж байгаа, харин хөвгүүд нь яг эцэг шигээ дундаа нэг эхнэртэй аж төрнө. Ах дүү нар дундын эхнэрээ хардаж булаацалддаггүй, харин хөрш айлын эр хэрэв эхнэр лүү нь харц шидлээд байвал шууд алчихна. Хэрэв олон хүүтэй айлд бэр орвол бяцхан хөвгүүд нь өсч том болон, нас бие гүйцсэний дараа тэдэнтэй ч бас эр эмийн ажил хийх үүрэгтэй гээд төсөөл дөө.
Иймээс голдуу дунд эргэм насны эмэгтэйг сонгож бэрээ болгодог аж. Бүгдэд нь тааруулах гэж тэр. Том нь бүр өвгөрч эрүү өвдөг нь нийлсний дараа цаана нь залуухан нөхрүүд ээлжээ хүлээн дугаарлаж суудаг. Олон эрэгтэй хүүхэдтэй айлд бэр болохыг бараг бүх төвд хүүхэн мөрөөддөг гэнэ. Яагаад гэвэл, олон ажилчинтай өрх айл илүү баян, бас эмэгтэйн эрүүл мэндэд сайн юм байх. Ганц хоёрхон хүүтэй айлд сайн бэр очдоггүй. Төвдийн лам нар эхнэр авдаггүй, мөн олон нөхөртэй байдаг уламжлалын улмаас эндхийн хүүхнүүдийн дунд өрсөлдөөн их гэнэ. Тэр бүү хэл гэр бүлээс гадуур харьцаанд орох нь элбэг.
Хэрэв нөхөргүй эмэгтэй жирэмсэлбэл тун сонирхолтой байдлаар хүүхдийн эцгийг “шийтгэдэг”. Тэр залуу өөрийн хүүхдийг төрөхөөс өмнө 14 хоног, төрсний дараа 14 хоног ажил хийж өгөх ёстой. Мэдээж, албан ёсны биш хадам аавындаа. Дараа нь залууг эрх чөлөөтэй тавьж явуулан, дөнгөж төрсөн хүүхдийг нь тухайн айл өөрийн хүүхдүүдийн тоонд багтаадаг. Залуухан, төвд хүүхнүүд хүзүүндээ зоосоор хэлхсэн өвөрмөц зүүлт зүүж явдаг. Зоос болгон нь нууц амрагийнх нь бэлэг юм байх. Хэдэн амрагтай байна төчнөөн зоостой зүүлт зүүдэг аж.
Хэрэв цөөхөн зоостой бол тэр эмэгтэй нөхөр гарах магадлал бага. Сонирхолтой нь гадаадын эрсийг энд өндрөөр үнэлдэг. Тэдэнтэй амрагийн харьцаанд орсноо ил тодоор тэмдэглэн, тусгай шүрэн сувс зүүдэг. Хаа газар гаж заншил гэж байх л юм даа. Хэрэв бүсгүй хүн ийм хэдэн шүр зүүсэн бол олон айл бэрээ болгох гэж өрсөлддөг юм байх. Одоо олон нөхөртэй гэр бүлийн яриагаа үргэлжлүүлье. Төвд ламын ярьснаар сексийн асуудлыг эхнэр л шийддэг гэнэ. Өөрөөр хэлбэл хэзээ, хэнтэй унтахыг.
Эхнэрийн дуудсан эр очиж түүнтэй хоног төөрүүлдэг. Хэрэв эхнэр нь яагаад ч юм олон нөхрийнхөө нэгийг гадуурхаж дуудахгүй бол буруутан нь нөгөө эр. Тэр л сайн ажиллах зэргээр дундын эхнэрийнхээ анхааралд өртөх гэж чармайх ёстой аж. Тэгээд ч нөгөө эхнэрийнхээ таалалд нийцэхгүй бол хадам ээж ирдэг. Хадам ээж нь бэрийнхөө өмнө сөхөрч суугаад гуйдаг.
Ядаж түр зуур ч гэсэн хүүг минь үлдээгээч гэж гуйн, бэрийнхээ элдэв муу үг, хараалыг тэсвэрлэн өнгөрүүлэх ёстой. Ингээд бэр одоо хадмынхаа нас сүүдрийг хүндэтгээд нөгөө голсон эрээ үлдээхийг зөвшөөрч болно. Хэрэв дахиад үгүй гэвэл гологдсон хүүгийн өмнө 2 зам л бий. Нэг бол сүмд шавилан сууна, эсвэл аль нэг айлд зарцлагдаж амьдарна. Тэгэхдээ зөвхөн идэх хоолны төлөө. Ямар азаар Монголдоо төрөв өө!