МАН Лениний музейн асуудлаар давж заалдахгүй байлгүй дээ

 Өмч бол хувь хүнд ч, төрд ч байдаг зүйл. Харин нэг нь нөгөөгийнхөө өмчид халдахгүй байх нь ардчиллын үнэт зүйлсийн илэрхийлэл. Хэрэв энэ зар­­­­чим алдагдвал өмчийн харилцаа утгаа алдана гэж манай нэгэн нэртэй нийтлэлч хэлсэн байна билээ. Тиймдээ ч Монгол Улс өмчийн ха­рилцааны асуудлаа хуу­ль­чилсан улс.

Харин сүүлийн үед Лениний музейн өмчлөлийн асуудал олны анхаарлыг хамгийн ихээр татах боллоо.

Эл музейг МАН 1990 оноос хойш өмч хувьчлал нэрээр өөрсдийн намын өмч болгож, өнөөг хүртэл ашигласаар иржээ. Тус музейг өөрсдийн өмч болгосон цагаас хойш түүхийн олон үнэт олдвор нэг нэгээрээ гадагшаа гарч, харийн оронд очсон билээ.

Тиймээс шинэчлэлийн Засгийн газар төрийн гэсэн тодотголтой өмч бүрийг улс буцааж мэдэлдээ авах нь зүй ёсны хэрэг гэж үзээд МАН-ын өмчлөлтэй гэгдэх Лениний музейн асуудлыг шийдэхээр өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж хуулийн байгууллагын хаалга татсан.

Гэсэн ч энэ асуудлаар өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрч чадаагүй.

Төрийн өмчийн хороо байгуу­лагдаж, Монгол Улс тухайн үед өмчөө тоолж байх үеэс Лениний музейн эзэмшлийн асуудал дэгдэж эхэлсэн. Энэ тооллогоор тухайн  үед 60 барилгын эзэмшлийн маргаан үүсч байсны нэг нь Лениний музей аж. Тэр үед музейг төрийн өмч гэж үзэн бүртгэх гэтэл  МАН /хуучнаар МАХН/-аас үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Ингэж эзэмшлийн мар­гаан үүссэн ч шүүхээс МАН-ын өмч мөн гэсэн шийдвэр гаргаж байжээ.  Мэдээж үүнээс хойш музей­тэй холбоотой хэд хэдэн шүүх хурал болж байсан. Тодруулбал Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Лениний музейг музейн зориулалтаар ашиг­лаж, төрийн мэдэлд өгөх нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан ч хариуцагч тал болох МАН музейн өмч­лө­лийг ССАЖЯ-нд шилжүү­лэ­хээс татгалзан давж заал­­дах шатны шүүхэд гом­дол гар­гасан юм.

Өмнө нь Нийслэлийн шүүхэд ТӨХ-ны нэхэмж­лэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж, Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн билээ.

Эл хуралдаанаар Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хү­чингүй болгож, Чингэлтэй дүүр­гийн шүүхэд шилжүүлж байсан ч  МАН өнгөрсөн долоодугаар сарын 31-нд  музейн асуудлаар давж заал­дах болно гэдгээ дахин мэдэгдсэн юм.

Ийнхүү шүүхээс МАН-ын өмчлөлд байх ёсгүй хэмээн үзэж, хариуцагч тал болох ССАЖЯ-нд шилжүүлэх шийдвэр гаргасаар байхад яагаад МАН эл музейг өөрсдийн мэдэлд авч үлдэх гээд байгаа нь цаанаа их учиртай гэнэ.

Тухайлбал Лениний му­­зейн үзмэрүүд болон бүртгэлийн ерөнхий дэв­тэр алга болсон гэх хэр­гийг УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэл­тэст Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл 150.3-т заас­наар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэрэгт тухайн үед музейд ажиллаж байсан 26 хүнийг гэрчээр татан байцааж байгаа бөгөөд үзмэрүүдэд гар бичмэл, захидал, хэлсэн үг зэргийн хуулбарууд, ном зохиол, Үржингийн бүтээл болох 10+4 хэмжээтэй зээгт наа­мал, цээж баримал болон бусад ховор эд байсан нь тогтоогдсон байна.

Түүнчлэн МАН-ын хэ­рэг эрхлэх газраас Ле­ниний музей үзмэр болон бүртгэлийн ерөнхий дэвт­рийг шаардахад мөрдөн байцаалтад авчраагүй, ямар нэгэн тайлбар өгөөгүй  аж. Тиймээс Үндэсний төв архиваас Лениний музейтэй холбоотой тайлбар, тайлан зэргийг хуулбарлан авч шал­галт хийж байгаа хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн ху­рандаа Т.Сайнжаргал хэлж байсан.

Гэтэл үүний дараа МАН-ынхан “Манай намын нэртэй бүх зүйлийг үгүй хийхийг нь хийж, үлдсэнийг нь булаан авах гэж байна” хэмээн мэдээлж байсан. Харин зарим нэг албаны хүмүүс “Түү­хийн үнэт бүтээлүүд алга болсон асуудлаас болж тэд өөрсдийн хууль бус үйлдлээ далдлахыг оролдсон.

Тиймээс ч музейг өгөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргаж, цаг хожих гэж байна” гэж байсан.

Товчхондоо эл музей нь Монголд буй цорын ганц музейн зориулалттай барилга.

Улсын баяр наадмаас өмнө Байгалийн түүхийн музейн барилга муудсан учир барилгыг засварлах хугацаандаа Лениний му­зейн байранд Монголын байгалийн түүхийг хадгалсан үзмэрүүдээ оруулах  тухай нэлээд ярьж байсан ч бас л МАН-ын нөлөө бүхий хүмүүсээс болж одоог хүртэл олдворуудыг хаана хадгалах нь тодорхойгүй болсон.

Уг нь Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгох тогтоол энэ оны нэгдүгээр сарын 12-нд гарсан. Гэтэл өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрч чадахгүй бай­гаа.

 Юутай ч энэ асууд­лаар иргэд төдийгүй хүүхэд бага­чууд ч “МАН ганц му­зейн байшингаа төрдөө хүлээлгэн өгч, түмэн олноо баярлуулах байлгүй дээ” гэсэн горьдлогын харцаар хүлээж байгаа нь нууц биш.

Дэлхий даяар улс орны өмчлөл болсон музейн үзмэрүүдийн асуудал хур­цаар яригдаж байна. Ту­хайлбал АНУ-ын Бай­галийн түүхийн музейд манай улсын динозавруудын араг яс одоо ч өлгөөтэй байна.

Харин манай улс зо­риулалтын музейтэй бол­чихвол хэзээ нэгэн цагт дээрх динзоваруудын яс ч эх орондоо ирэх юм билээ.  Тиймээс бид өөрсдийн үнэт үзмэр, үлэг гүрвэлийн яс­нуудаа Монголдоо л үзүү­лэхийн тулд бүхнийг хийх ёстой.

Товчхондоо соёлын өвийг хадгалах ёстой энэ барилгыг цаашид МАН ард түмэндээ эргүүлэн өгөх болов уу гэсэн хүлээлтийг Монголын ард түмэн харж байгаа. Ямартай ч МАН музейн асуудлаар давж заалдахгүй байлгүй дээ.

images (1) Р.Саруул

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …