Д.Үржинханд:Жанчхүүгийн даваанд аавын удирдаж байсан салаанаас гурван баатар төрсөн

Зүүн гар талаас Улсын баатар Д.Данзанваанчиг, Т.Дүүдэй, С.Дампил нар. 1976 он

Монгол Улсын баатар Түүвэйн Дүүдэй дөчин таван оны чөлөөлөх дайнд оролцож, Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах тулалдаанд гарамгай амжилт үзүүлсэн байдаг. Түүний удирдсан салаанаас Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил нарын домогт гурван баатар төрсөн юм. Харин салаан захирагч Дүүдэйд чөлөөлөх дайны дөчин жилийн ойгоор буюу 1985 онд Монгол Улсын баатар цол хүртээсэн байдаг. Ингээд Т.Дүүдэй баатрын охин Д.Үржинхандтай ярилцсанаа хүргэе.

-Т.Дүүдэй баатрын талаар өнөөгийн залуус төдий л сайн мэддэггүй байх. Аавын тань удам судар, нутаг усны талаар яриагаа эхлэх үү?

-Миний аав 1921 оны гуравдугаар сарын нэгэнд Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуурт төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр, тэр үеийн хүүхдүүдийн адил мал маллаж өнгөрүүлсэн. 1940 онд 19 настайдаа Увс аймгаас гарч цэргийн албанд ирээд Халх голын дайн, Чөлөөлөх дайнд оролцож явжээ. Аав улсад 42 жил ажиллахдаа 26 жилийг нь цэргийн албанд өнгөрүүлсэн. Энэ хугацаанд жирийн байлдагчаас хошууч хүртэл тушаал дэвшсэн байгаа юм. Аав бидэнд “Та нарын энэ сайхан амьдралын төлөө нэр нь тодроогүй хичнээн баатар амь насаа өргөснийг мартаж болохгүй” гэж хэлдэг байсан.

Аав бас барилгын сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг төгсөж барилгын трест, намын дарга зэрэг ажлуудыг эрхэлж байсан.

-Улсын баатар болоод улсаас тэтгэвэр, тэтгэмж авч байсан уу?

-Үгүй, тухайн үед партизаны дэлгүүрээр л үйлчлүүлдэг байлаа. Улсаас аавыг нэг удаа Хар далайд очиж амрааж байсан юм байна. Гэхдээ дээхнэ үед Улсын баатруудыг их алдаршуулдаг байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай уулзаад байлдаж явсан тухайгаа ярина. Хүүхдүүд “Аюуш” туужийг уншаад 11 удаа цээжиндээ буудуулж, эх орныхоо төлөө тэмцэж явсныг сонсоод гайхаж биширдэг байлаа. Нэг удаа аав манай ангид яриа хийж байтал манай ангийн дүрсгүй банди “Та нар бүгдээрээ мэргэн буудагч байсан юм уу, тэгээд нэгнийгээ араас нь буудчихдаггүй байсан юм уу” гэж асууж билээ. Аав их гайхаж, “Юу гэж нэгнийгээ араас нь буудах вэ. Бид дайсан хаана байна л гэж явдаг байсан” хэмээн хариулж билээ.

-Аав ээж хоёр тань хэзээ, яаж танилцаж байв?

-Аав дайнаас ирээд 1949 онд ээжтэй танилцаж, 1951 онд том ах маань төрж байсан. Бид эцэг эхээс тавуулаа. Одоо дүү бид хоёр л байна даа. Ээж Жавзан Дорноговь аймгийн хүн. Их намуухан, дөлгөөхөн эмэгтэй байсан.

-Аав тань хүүхдүүдээ хэрхэн сургаж хүмүүжүүлдэг байв?

-Цэргийн хүн болохоор нэг нь л буруу хэрэг хийвэл биднийг тавууланг нь жагсаадаг байлаа. Тэгээд л дээрээс нь эхлээд алганы амт үзүүлнэ. Голдуу ах эгч нар буруу зүйл хийсний төлөө дүү бид хоёр хэлмэгдэнэ шүү дээ. Та нараас болоод бид хоёр дандаа загнуулж байна гээд ах эгч нартаа гомдоно.

Дээхнэ үед цэргийн хүмүүс “түргэн авна” гэж ярьдаг байсан. Аав түргэн авахаар бид бүгдээрээ босоод суучихдаг байсан. Бас аав хоолоо их хурдан иднэ. Тэгэхээр бид дагаад их хурдан идэцгээнэ. Энэ бүр зуршил болчихсон. Одоо ч энэ зуршлаасаа салж чаддаггүй. Ааваас “Та яагаад ийм хурдан иддэг юм бэ, таны чих яагаад ийм хатуу болчихсон юм” гэж асуудаг байлаа. Тэгэхээр аав, дайны үед хоолтой хоолгүй, нойртой нойргүй явна. Хоол олдсон дээр нь хурдан идэхгүй бол ахиад хэд ч хоног хоосон явах аюултай байлаа. Дайн тулаанд орж явахад дэргэд мина дэлбэрэх энүүхэнд. Тэгээд л чих хатуу болсон байх” гэдэг байсан. Аавын дэргэд мина дэлбэрээд хөл нь шархдаж байсан юм билээ.

Аавын минь аливаа зүйлд үнэнч шударга, сэтгэлээрээ ханддаг зан чанар нь надад өвлөгдсөн болов уу. Би одоо ч хүнд худлаа ярьж чаддаггүй. Ярьсан ч дараахан нь инээгээд худлаа гээд хэлчихдэг. Аав минь хайр нь дотроо, хал нь гаднаа хүн байсан. Бидэнд эх орноо хайрлах үзлийг маш сайн суулгаж өгсөн дөө.

-Таны хувьд Улсын баатар аавтай гэдгээ хэзээ анх мэдэж, бахархах сэтгэл төрж байв?

-Ухаан орсон цагаасаа, эх орныхоо төлөө байлдаж явсныг нь мэдсэнээс хойш ааваараа бахархдаг байлаа. Тэр үед аавыг “Эх оронч Дүүдэй” гэдэг байсан юм. Аав минь сүүлд 1985 онд намайг 21 настай байхад “Монгол Улсын баатар” цолоор энгэрээ мялаасан. Тэр үеэс хойш ааваараа бүр их бахархаж, онгирч, омогшиж явдаг болсон. Аавын минь ахалж байсан салаанаас гурван улсын баатар нэг өдөр тодорч байсан юм билээ. Тийм салаа ер нь ховор шүү. Мөн энэ тулалдаанд М.Жанчив онцгой гавьяа байгуулсан тул хожим 1975 онд Улсын баатар цолоор шагнасан байгаа юм. 1945 оны чөлөөлөх дайны үед Жанчхүүгийн даваанд болсон тулааны үеэр Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил нар онцгой гавьяа байгуулж, тухайн оны есдүгээр сарын 26-ны өдөр тэдэнд Улсын баатар цолыг нь хүртээсэн гэдэг. Аав минь 24 настай, ахлагч цолтой байхдаа салаанаасаа гурван баатар төрүүлжээ гэж бодохоор үнэхээр сайхан.

-Аавын тань талаар түүний салаанд байлдаж явсан цэргүүд хэрхэн дурсаж ярьдаг байв?

-Хааяа аавтай ирж “ганц юм” мултлаад хуучилна. Тэгэхээрээ аавыг цэргүүдийнхээ аав нь, ах нь юм шиг санаа тавьдаг, хэцүү үед цэргүүддээ гутлаа тайлаад өгөх үе ч байсан гэдэг. Гэхдээ бас чанга үедээ чанга гэж ярьж байсан. Намайг дэлгүүрт суудаг байхад нэг удаа С.Дампил гуай орж ирээд надад даналзсан. “Би Улсын баатар Дампил гэж хүн байна. Би та нарын төлөө цусаа урсгаж явсан гэж ирээд надаар архи авахуулах” гэхээр нь “Би таныг мэдэлгүй яахав. Танд нэг шил архи өгье” гээд өгсөн. Тэгээд би “Би таны салаан даргын охин байна” гэсэн чинь “Хүүе, хүүе, яана аа даргын охин юм уу. Даргад хэлж болохгүй шүү. Энэ зөвхөн бид хоёрын нууц шүү” гэж билээ. Миний аавыг тэгж хүндэлж, эмээж явдгийг нь тэгэхэд мэдэж авсан даа.

-Тэгвэл аав тань өөрийнхөө цэргүүдийн талаар ямар дурсамж ярьж, бахархдаг байв?

– Аав Л.Аюуш баатраар их бахархдаг байсан. Л.Аюуш баатар салааны цэргүүдээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгаж явахдаа 11 удаа буудуулсан гэдэг. Тэр үед Аюуш баатрын араас туслахаар Дашдондог гэж цэрэг очсон гэсэн. Тэгээд дараа нь аавыг очиход тэр хоёр хоёулаа давхарлаад нас барчихсан байсан гэж аав ярьсан. Энэ тухай “Аюуш“ тууж дээр байдаггүй. “Бид мартахгүй” кинон дээр Аюуш баатрын тухай гардаг. Аав тэр киног үзээд уран сайхны хэтрүүлэг орсон байна гэдэг. Кинон дээр Л.Аюуш баатар нэг хүүхэнд дурладаг. Түүнийг үзээд аав “Ийм зүйл байгаагүй” гэж ярьсан.

Монголчууд Хятад руу явдаггүй байсан үед юм уу даа. Жанчхүүд байдаг Аюуш баатрын хөшөөнд аав очиж цэцэг өргөхийг хүсэхэд Хятадын элчин зөвшөөрөөгүй гэсэн. Тэгэхэд аав их уурлаж билээ. Би “Аюуш баатрынхаа хөшөөн дээр очмоор байна, цэцэг өргөмөөр байна” гээд өргөдөл хүсэлт өгсөн. Зүрх сэтгэлд нь “Миний муу цэрэг” гэсэн бодол яваад байсан байх. Сүүлд Батлан хамгаалах яамны хэдэн хүмүүстэй Бээжин явахдаа очиж, цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлээд санаа нь амарсан.

-Цэргийн хүн мөрдэс, энгэр хоёроо харж явдаг гэдэг. Аавын тань энгэрт цэргийн хүний авч болох бүх медаль байж?

-Тэгэлгүй яахав. Аавын минь амьдралын утга учир нь энэ хэдэн төмөр л байлаа. Түүндээ ч баярлаж, бахдалтай амьдарсан. Бас аав намдаа их үнэнч байсан. Жил бүрийн гуравдугаар сарын нэгэн, 18-ныг тэсч ядан хүлээнэ. Ямар ч үед гуравдугаар сарын нэгэнд намдаа хандив өгнө гээд явна. Цэргийн баяраар арван баатрын гэгддэг 016 дугаар анги дээр мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхөдтэйгөө уулзаж, тэр үеэ дурсан ярьцгаадаг байсан шиг байгаа юм. Урьд орой нь унтаж чадахгүй. Догдлоод, миний баяр гэж боддог байсан байх. Эр хүн болж төрснийх эх орныхоо төлөө тулалдаж, цэргийн хүмүүжлээр, цэргийн амьдралаар амьдарсан нь аавын минь бахархал байсан.

-Аав тань амьдралынхаа сүүлийн он жилүүдэд хэрхэн аж төрж байв?

-Аав цэргийн хүн байсан болохоор бие хөнгөн, өвдөж зовох зүйлгүй 79 насыг зооглосон. Аавыг өнгөрөхийнх нь өмнөхөн манай гэр бүлийнхэн яамны тэнд нэг айлд оччихоод автобусны буудал хүртэл бараг нэг км замд уралдсан юм. Үр хүүхдүүд, ач зээ нар нь бүгдээрээ гүйсэн чинь аав түрүүлсэн шүү. Аав минь эх орондоо талархаж, Монгол Улсын иргэн болсноороо бахархаж, бахдаж амьдарсан.

Б.НАРАНЧИМЭГ

 

 dnn.mn

 

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …