Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын дээд шүүхийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гомбосүрэнгийн Буяннэмэхийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ. Шагналыг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын дээд шүүхийн 90 жилийн ойг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан 70 гаруй шүүгч, ажилтныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлсоноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнаад байна. Та тэдний нэг болж, төрийн дээд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байгаад баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх “Би шүүхийн байгууллагад 1981 онд нягтлангаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. 2005 оноос шүүгчээр ажиллаж байна. Шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил ажиллаж буйг минь өндрөөр үнэлж Төрийн дээд одонгоор шагнасанд талархал илэрхийлж байна” гэв.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс