Австралийн “News.com” сайт аялагчдад зориулсан ээлжит нэгэн мэдээллээ нийтэлжээ. Тус мэдээлэлд 2017 онд аялахад тохиромжтой хамгийн ядуу 10 орныг дурджээ. Эдгээр 10 орон ядуу учраас аялахад нээх их мөнгө төлөөд байх шаардлагагүй аж. Түүнчлэн эдгээр 10 оронд үзэж харах юм их, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрууд олон бий. Тиймээс бага зардлаар байгалийн сайхныг мэдрэх хүсэлтэй аялагчдад зориулж аялахад тохиромжтой аюулгүй бөгөөд хамгийн ядуу 10 орныг нэрлэжээ. Сонирхуулахад, жагсаалтад багтсан 10 орныг 1-10 гэж дугаарлаагүй бөгөөд цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаажээ. Ингээд аялахад тохиромжтой хамгийн ядуу 10 орныг танилцуулья.
Белиз /Belize/
Төв Америкийн тус улс Карибын тэнгисийн эрэг дээр оршдог бөгөөд Майя нарын орон гэр болж байсан өтгөн ой шугуй болон дэлхийд томоороо хоёрт тооцогддог Шүрэн хад бүхий далайн эрэгтэй. Усанд шумбагчдын жинхэнэ мөрөөдөл болсон Белизийн далайн эргийн усан доорх шүрэн хад болон түүнийг тойрон хүрээлсэн далайн орчин дэлхийн усан ертөнцийн хамгийн гайхамшигтай газар юм. Хамгийн гол нь, энд аялахад тийм ч их өндөр хөлс орохгүй.
Капе Верде /Cape Verde/
Африк тивийн баруун хойд захад орших 10 жижиг арлаас бүрдэх тус улс наранд шарлагын газар, сурф, өнгөлөг хотууд болон Африкийн өвөрмөц соёлоороо алдартай газар юм. Португал, Бразилийн колоничлолд орж явсан Капе Верде өдгөө жуулчдын очих дуртай хамгийн гоё газруудын нэг болоод буй. Мэдээж дээр дурдсанчлан Капе Вердегээс мэдэрч болох аяллын мэдрэмж болон байгалийн сайханг бусад улсаас арай хямдаар үзэх боломжтой юм.
Чили /Chile/
Чилийн нийслэл Сантьяго хотод очсон байхад Андын нуруу болон “Торрес дел Пэйн” үндэсний дархан цаазат газрыг үзэж болно. Андын нурууны энгэрт орших тус улсаас байгалийн сайхан, цэвэр агаарыг мэдрээд зогсохгүй аюулгүй аялж болох юм.
Коста Рика /Costa Rica/
Үзэсгэлэн төгс далайн эрэг, өтгөн ой шугуй, галт уулын тогоонууд, хүрхрээнүүд гээд эд бүгд Коста Рика цөм бий. “Америкийн Бали” хэмээх энэ газар луу АНУ-аас хэдхэн цаг нисээд л очих боломжтой. Түүнчлэн тэндхийн байрны хөлс хямд бөгөөд аялал жуулчлал өндөр хөгжсөн, олон ч аяллын компаниуд үйл ажиллагаа явуулж гадаадаас зочид урьж, сайхан амрах нөхцлийг нь бүрдүүлдэг байна.
Доминик /Dominica/
Халуун орны ширэнгэн ой, галт уулын хар элсэн далайн эрэг, буцалдаг нуур /дэлхийн хоёр дахь том халуун рашаан/-ыг Карибын арлын энэ улсаас л зөвхөн үзэх боломжтой. Мэдээж аялал жуулчлал өндөр хөгжсөн тус улс 2018 онд гэхэд аялал жуулчлалын салбартаа томоохон шинэчлэл хийх зорилт тавин ажиллаж байгаа аж.
Монгол /Mongolia/
Монгол Улс уул нурууд, элсэн цөл, нүүдэлчдийн соёлоороо гайхамшигтай газар. Хэдийгээр тус улсад аялахад орчин үеийн тав тухыг мэдэрч чадахгүй ч байгалийн сайхан болон бусад зүйлсийг мэдрэх боломжтой. Мөн шинэ нисэх буудал, IMAX кинотеатр, Hard Rock Cafe бүхий Шангри-Ла цогцолбор зочид буудалд байрлах боломжтой. Тус улс байгаль орчин болон боловсролын салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд энэ нь тус улсыг дэлхийн хамгийн ёс зүйтэй газруудын нэг болгож байгаа юм.
Палау /Palau/
Палау нь Номхон далайн орон бөгөөд 500 гаруй жижиг арлаас бүтдэг өвөрмөц тогтоцтой улс аж. Тэрхүү өвөрмөц бүтэц бүхий жижиг арлуудын тогтоцоороо Дэлхийн өвийн сангийн Арлын хэсэгт бүртгэгдсэн байна. Мэдээж тэрхүү арлын бүтэц, түүнийг тойрсон шохойн чулуу, шүрэн хад нь усанд шумбагчдын анхаарлыг гойд татдаг байна. Сонирхуулахад, Палау Улсын Ерөнхийлөгч Томас Ременгесау улсдаа байгаль орчин, агаарын чанар, амьтдын сайн сайхны төлөө хийсэн зүйлээрээ ард түмнийхээ дунд нэлээд алдартай нэгэн аж.
Тонга /Tonga/
Тонга нь Номхон далайн өмнөд хэсэгт оршдог 170 гаруй жижиг арлаас бүтдэг улс аж. Тонга нь жуулчдыг түүх, байгалийн сайхан, арлуудын бүтцээрээ татдаг байна. Түүнчлэн Тонгагийн эргээр усанд шумбаж далайтай танилцах, халим харах боломжтой юм. Саяхнаас тус лус олон жил үргэлжилсэн дотоодын хүчирхийлэлдээ цэг тавьж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, аялал жуулчлалын салбараа анхаарч байгаа юм.
Уругвай /Uruguay/
Өмнөд Америкийн хоёр том гүрэн Бразил, Аргентиний дунд хавчуулагдсан Уругвай Улс Монгол Улстай тун төстэй. Мал аж ахуй, газар тариаланд суурилсан тус улсаас өндөр уул толгод, нүд эрээлжлэм талыг харах боломжтой. 3 сая хүн амтай Уругвай Монголоос ялгаатай нь далайд гарцтай.
Вануату /Vanuatu/
“Инээмсэглэл бүрдсэн газар” гэж нэрлэгддэг энэ улсад очсон хүн бүхэн орон нутгийн иргэдийн адил инээмсэглэх болно. Номхон далайн энэ улсын иргэд болох Вануатучуудын найрсаг зан чанар, байгалийн сайхан жуулчдыг тун идэвхтэй аялж, амрах сэдлийг төрүүлдэг нь нууц биш юм. Далайн эрэг, идэвхтэй ч аюулгүй галт уулын тогоонууд, аялагчдад уйдаах зав өгдөггүй байна.
Төгс