Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг, Хандрагагатын амны Хөөт гэх газар Их Британийн иргэн 53 настай Стивен Эдвард Нейш бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны 8 сард гарсан билээ.
Тус хэрэгт Архангай аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газраас хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьсан.Дээрх хэргийг Архангай аймгийн харьяат , 28 настай, эрэгтэй Г гэгч хохирогчийн биед байсан эд зүйлийг авах зорилгоор цээжин тус газар нь шовх үзүүртэй зүйлээр нэвт хатгаж, амь насыг нь хөнөөсөн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогджээ.
Хэргийг үйлдсэн Г нь Архангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны 07 дугаар сард Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг буюу хулгайн гэмт хэргийн учир хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Яллагдагч Г-д холбогдох “Их Британийн иргэн Стивен Эдвард Нейшийг шунахай сэдэлтээр амь насыг хөнөөсөн ” хэргийг Архангай аймгийн прокурорын газраас хянаж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
prokuror.mn