Д.Есүхэй: Бизнес эрхлэгч, иргэдийн эрхийг шүүх л хамгаалдаг юм байна

“Дипирамид” компанийн захирал Д.Есүхэй ингэж ярилаа. Тус компани Уул уурхайн яамнаас зарласан тендерт ялж ажлаа эхэлчихээд байтал Сангийн яамнаас гэнэт гэрээг хүчингүй болгожээ. Төрийн байгууллагын буруутай үйлдлээс болж багагүй хохирсон компани шүүхээр асуудлаа шийдүүлсэн байна. Гурван шатны шүүх Сангийн яам, Уул уурхайн яамны буруутайг тогтоож, “Дипирамид” компанийн нэхэмжлэлийг биелүүлэхийг үүрэг болгожээ.

-Танай компани ямар ажил гүйцэтгэх тендерт ялсан юм бэ. Тухайн тендерт олон компани оролцсон уу?

-Уул уурхайн яамнаас 2016 оны тавдугаар сарын 18-ны өдөр “1:50000 машстабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл болон “Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000 машстабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил”, “Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил”-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөх тендер зарласан юм. Манай компанийн санал хамгийн сайн үнэлэгдэж, ялагчаар шалгарсан.

-Тендерт ялалт байгуулснаас хойш хэр хугацааны дараа ажлаа эхэлсэн бэ?

-Манай компани 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ”-г Уул уурхайн яамтай байгуулсан. Гэрээнд хуанлийн тав хоногийн дотор ажлаа эхэлнэ гэж заасны дагуу долдугаар сарын 13-нд ажилдаа орсон. Улмаар 17 хүний бүрэлдэхүүнтэй хээрийн судалгааны анги Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс сумдын нутагт ажилласан. Энэ хугацаанд манай компаниас ажилчдын цалин, хээрийн нэмэгдэл,албан томилолт, хоол хүнс, хангамжийн материал, машин техник, орон гэр, топо суурь бэлтгэх, агаарын фото зураг Геологи мэдээллийн төвөөс авах, сансрын

зураг авах, агаар сансрын зургийн тайлалт хийх, хээрийн ажлын бэлтгэл, зэрэг зардал гаргаж 121 орчим төгрөгийн геологийн судалгааны ажил хийчихээд байлаа.

-Тэгвэл ямар үндэслэлээр яам гэрээгээ цуцалсан юм бол?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2016 оны наймдугаар сарын 16-ны өдөр гэрээний зарим нөхцөлийг цуцлах тухай албан бичиг ирсэн. Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга долдугаар сарын 22-ны өдөр “Уул уурхайн яамнаас холбогдох баримт, материалыг тус яаманд ирүүлээгүй тул” гэсэн үндэслэлээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

-Холбогдох баримт, материалыг яаманд ирүүлээгүй гэдэг нь юу гэсэн үг юм бол. Гэрээ цуцлах ийм үндэслэл байж болох уу?

-Хуульд ийм үндэслэлээр гэрээ цуцлах тухай огт заагаагүй. Өөрөөр хэлбэл, хуульд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцалсан. Манай компани Уул уурхайн яамтай гэрээ байгуулж, ажлаа эхэлчихээд байхад Сангийн яам тендерийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн. Үүнээс гадна татвар төлж улсын төсвийг бүрдүүлэгч компаниудын төрд итгэх итгэлийг алдаж байгаа хэрэг. Цаашдаа төрийн байгууллагатай хамтарч ажиллах эрсдэлтэй болсон нь харамсалтай.

-Та ажлаа эхэлчихсэн байсан гэлээ. Гэнэт тендер хүчингүй болгоход эдийн засгийн хувьд багагүй хохисон байх?

-121 сая төгрөгийн ажил хийчихсэн байсан тухай дээр ярьсан. Үүнээс гадна өмгөөлөгчийн зардал гээд тооцоолоогүй багагүй зардал гарсан. Ер нь төр гэрээгээ хүчингүй гээд л орхичиход татвар төлөгч аж ахуйн нэгж, компаниуд л хохирдог юм байна. Энэ бүхний дараа шүүхэд найдахаас өөр гарц үлдээгүй.

-Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?

-Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны аравдугаар сарын 25-ны өдөр хэлэлцэж, манай компанийн нэхэмжлэлийн бүх шаардлагыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Мөн Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны шийдвэрийг хүчингүйд тооцсон. Гэтэл Сангийн яам давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх мөн л манай компанийн талд шийдвэрээ гаргасан байдаг. Гэтэл энэ маргаан хариуцагч талын гомдлоор Дээд шүүх хүртэл явсан. Дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, шүүх эрх нь компанийн эрхийг хамгаалсан шийдвэр гаргасан. Хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж өгсөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа, шүүгчийн туслах Э.Жанчивдорж нарт болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч нарт хувийн хэвшлийнхний өмнөөс талархлаа илэрхийлмээр байна.

-Одоо танай компани гэрээний дагуу ажлаа хийж байгаа юу?

-Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Яам шүүхийн шийдвэр биелүүлэхийг хүлээж байна.

Эх сурвалж:ШЕЗ

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …