Нэр дэвшигчдийн дуулианы дараа эргээд нэг хартал, хэвлэлийнхэн үгүй мөн том “мад”-луулжээ. Юу гэвээс бид хэвлэлийн эрх чөлөөгөө “хөөрхөн” гэгч нь боолгуулж, хөдөө царайлаад сууж байна.
Мэдээж хэвлэлийнхэн бид ч адтай улс учир Ерөнхийлөгчийн сонгуулиар яаж амаа бариулах болсон талаар “чимээ” авчээ. Тиймдээ ч өдөр тутмын сонинууд энэ талаар бичээд эхэлчихсэн. Би үргэлжлүүлж байна. Хэрхэн “том авахуулсан”-аа тайлбарлавал, ирэх сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаатай холбоотой.
Энэ хуулийн 33 дугаар зүйл, Сонгуулийн сурталчилгаа гэсэн хэсэгт л мөнөөх “но” байгаа юм. Тэнд Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчийн ухуулга сурталчилгаа, PR, таниулга хийх хэлбэр, суваг нь олон болсон мэт боловч зайлшгүй нэг л нэр дэвшигчтэй наалдаж, бусад руу урвах эрхгүй буюу олон сувгаар сурталчилгаа цацах эрхээ “тасдуулжээ” гэж ойлгочиход гэмгүй.
Хуульд зааснаар нэр дэвшигч өөрийгөө хэн болохыг таниулахын тулд телевиз, радио, ухуулах хуудас, гудамжны самбар, цахим шуудан мөн мессеж ашиглах боломжтой гэсэн. Харин хэвлэл мэдээллийн салшгүй нэгэн хэсэг болсон сониноор сурталчилгаа хийх заалт хаана ч хайгаад олдсонгүй. Нэгэнт л заагаагүй тул болохгүй гэсэн үг юм шиг. Болно гэж үзээд байгаа бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд радио, телевизээр явуулах сурталчилгааг хоногт нэг цагаас илүүгүй, мөн өдөрт нэг удаа мессеж явуулж, хэсэг бүрт хоёроос илүүгүй самбар байршуулахыг зөвшөөрсөн нь ам руу арай л чанга алгадав уу гэлтэй боомилолт болоод байгаа юм.
Мөн “нөхөр” хуулийн 34 дүгээр зүйл дэх “Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод хүргэх” гэсэн заалтыг анзаараад нэг хараарай. Хэдийгээр хэвлэлээр сурталчилгаа явуулна гэж тусгайлан заагаагүй ч 34.1.1-ээс 34.1.7-д сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хоёр сэтгүүл, нэг хэвлэлийн хуудас бүхий ухуулах хуудас, зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, гурван хэвлэлийн хуудас бүхий ажлын тайлан, хоёр хэвлэлийн хуудас бүхий сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараах ёстой гэж байгаа юм.
Үүнээс үзэхэд ийм хэмжээний материалыг сонинд нийтлэхэд элдэв асуудал гарахгүй гэсэн үг бололтой. Нэг хэвлэлийн хуудас нь А-4-ийн бичгийн цаасны нэг нүүрээс найм дахин их хэмжээтэй. А-4 хэмжээтэй сэтгүүлийн хувьд найман нүүр. Ингээд дээр дурдсанчлан мөрийн хөтөлбөр, ухуулах хуудас, зурагт хуудас, намтар, ажлын тайлан, сурталчилгааны материал бүгд нийлээд 12 хэвлэлийн хуудас болж байна. 12 хэвлэлийн хуудас нь дээр дурдсанчлан сонины 24 нүүр бөгөөд сонгуулийн сурталчилгааны 30 гаруй хоногийн хугацаанд ийм хэмжээний материалыг нэг сонинд хэвлүүлж болно гэж ойлгогдоно.
Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран журам батална гэж хуульд заасан. Дахиад тэр журмаар хэвлэлийнхнийг яаж “элгэдэх” нь тодорхойгүй байна. Энэ бүгдийг базаад ойлгоход хэвлэлийнхэнд тунчиг халтай Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу энэ удаагийн Төрийн тэргүүний сонгууль болж өнгөрөх юм байна. Сурталчилгаа явуулах дээрх хатуу журмыг зөрчвөл шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаатай түдгэлзүүлнэ гэсэн байна.
Инээдтэй нь зөрчсөн нэр дэвшигчийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэн буюу ихээр тооцоход 900 мянган төгрөгийн торгууль тавих аж. Харьцуулахаас ч “нүд хальтирам” хачин журам байгаа биз.
Нэг иймэрхүү л хөгийн хийгээд хөшигний хойд, урд тохиролцон байж хэвлэлийнхэнд “мад” тависан “хачин” Ерөнхийлөгчийн сонгууль болох төлөвтэй. Мөн энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газартай хамтран хяналт тавих Хэвлэлийн зөвлөлийг байгуулж амжив. Энэ зөвлөлийн үйл ажиллагаа тун ойлгомжтой. Аль хэвлэлийнхэн хаана дүрэм “зөрчинө” түүнийг нь хаахаар анаж байх юм гэнэ. Үзэг нэгтнүүдийн маань бичиж буйгаар энэ сонгууль хэвлэлийнхнийг хазаарлаж, хаан боомилсон ховор өнгөтэй сонгуулийн сурталчилгаа болох нь.
Т.Батсугар Эх сурвалж: