Канад Улсын Кебек мужид ажиллах Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслол Монреал хотноо 2017 оны 3 дугаар сарын 21-нд болов.
Нээлтийн ёслолд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл, Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны асуудал эрхэлсэн Дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан нар болон Монреал хот дахь зарим орны Ерөнхий болон Өргөмжит консул, Кебекийн Засгийн газрын холбогдох албаны хүмүүс, тус мужид аж төрж буй Монгол Улсын иргэдийн төлөөлөл, Кебекийн бизнесийн болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.
Ёслолд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл, Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны асуудал эрхэлсэн Дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан, Өргөмжит консул Поль Лемей нар үг хэлэв. Элчин сайд Р.Алтангэрэл Өргөмжит консул Поль Лемейд Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, Монгол Улсын төрийн далбаа, Өргөмжит консулын тамга, Канад Улсын Гадаад хэргийн яамнаас олгосон зөвшөөрлийн үнэмлэхийг гардуулж, ажлын өндөр амжилт хүсэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ шинээр томилогдсон Өргөмжит консулын үндсэн үүрэг нь Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудал хэмээн онцолж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг тэмдэглэв.
Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны асуудал эрхэлсэн Дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул нар худалдаа, эдийн засаг, соёл урлагийн нөлөө бүхий муж Кебек мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар ийнхүү нээгдэж буй нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаа мэдэгдэв.
Канадын Кебек мужид Монгол Улсын 500 орчим иргэн аж төрдөг бөгөөд Монреал хотын Монголчуудын холбоо, Монгол-Канадын боловсрол, соёлын төв, Монгол хэл бичгийн дугуйлан зэрэг байгууллага энэ мужид үйл ажиллагаа явуулж байна.
ГХЯ