Боом өвчний шинж тэмдэг илэрч, хөл хорио тогтоогоод байна

2f3b45c37fcc4788bigБоом өвчнөөр таван хошуу мал, гахай, зээр, гөрөөс, илжиг, луус, хулан, тахь, хавтгай, аргаль, янгир, чоно,  зэрэг амьтан өвчлөхөөс гадна  хүн өвчилдөг.Гэтэл Архангай аймгийн хоёр ч суманд боом өвчний шинж тэмдэг илэрч, хөл хорио тогтоогоод байгаа ажээ. Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр тус аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Шар толгой гэдэг газар нутагладаг малчин Дашид боомын шинж тэмдэг илэрсэн байна.

Тэр дариудаа сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн  бөгөөд одоогоор биеийн байдал нь дээрдэж байгаа аж. Мөн Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багт нутагладаг 32 настай, эрэгтэй боом өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдож, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтжээ.

  Боом өвчин нь арьс, тунгалгийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэст цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатиг буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм. Боом өвчнөөр өвчилсөн болон үхсэн мал, амьтны түүхий эд (мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур г.м), боомын нянгаар бохирлогдсон хөрс бууц, малын хэвтэр, усанд боомын нян хадгалагдан үлддэг.

Манай улсын  тал хээрийн чийглэг хар хүрэн хөрс бүхий бүс нутагт боомын байгалийн голомттой бөгөөд малын өвчлөлтэй уялдан хүний өвчлөл гарч байна.  Манай улсын нэг хот 19 аймгийн 157 сум боомын голомттой.

 Боомоор өвчилсөн, үхсэн  мал, малын түүхий эд,  хүүр сэг зэм, арьс шир, яс, үс ноос,  халдварын бохирдолтой хөрснөөс халдвар авч хүн боомоор өвчилдөг. Боомын үүсгэгч гэмтсэн арьсаар дамжин хүний биед нэвтрэн  орсоноор арьсны хэлбэрийн өвчлөл үүсгэдэг нь үндсэн  хэлбэр болдог ба  боом туссан хүний өвчлөл дараах эмнэлзүйн  хэлбэрээр илэрнэ.

Агааржуулалт муутай  нөхцөлд  хөрс, бууц цэвэрлэх, арьс элдэх, ноос, яс боловсруулах зэрэг үед боомын нян аэрзоль байдлаар цацагдаж амьсгалын замаар боомын халдвар үүсгэнэ. Халдвар авсан тохиолдолд өндөр халуурч цээжээр хатгуулах, толгой өвдөх, ядрах, хуурай ханмалгах, цаашид цустай цэр гарах, цустай ханиах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.

Мөн боомын гэдэсний ба залгиурын хэлбэр нь мал, амьтны гаралтай халдвартай бүтээгдэхүүнийг түүхий болон дутуу боловсруулж хэрэглэснээс үүснэ. Халдвар авсан тохиолдолд 39-40 хэм хүрч халуурах, толгой өвдөх, бие сулрах, хоолонд дургүй болох, бөөлжиж цусаар гүйлгэх болон ам залгиурын хэлбэрээр өвчилсөн үед хэл, хүүхэн хэл, залгиур, хоолойн хэсгийг шархлуулна.

Мөн арьсны хэлбэрийн боомын халдварын зарим тохиолдолд булчирхайгаар дамжин үжил үүсэх тохиолдол бий. Энэ үед эмнэлзүйн өвөрмөц бус шинж тэмдэг болон амьсгал давхцан өвчтөн шоконд орохоос гадна захын судасны цусан хангамж буурснаас комд орох, хэдэн цагийн дотор нас барах тохиолдол ч байдаг байна. Арьсны хэлбэрийн боомын үед арьс загатнаж толбо гарч гүвдрүү үүсч улмаар цэврүүтэж хар тав тогтож их хэмжээний хаван үүсдэг. Үйнээс гадна хос далавчтан шумуул, хөхтүрүү гэх мэтийн амьтан халдвартай амьтны цусыг сорж халдвар авч улмаар хүнд халдвар дамжуулах нөхцлийг бүрдүүлдэг байна.

Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх арга:

Газрын хөрсөнд боомын нян хэдэн арван жилээр хадгалагддаг тул малчид, тариаланчид, газар шорооны ажил эрхлэгчид  арьсыг шалбалах, гэмтээхээс болгоомжлох

Үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй байх, шатааж устгах, ил задгай хаяхгүй байх

Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг  сайтар боловсруулж хэрэглэх

Зайлшгүй шаардлагаар үхсэн, өвчилсөн мал, амьтантай харьцах үедээ хамгаалах хувцас өмсөх

Боомын голомттой нутгийн хүн ам, малыг боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах

Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлэгт хандах

Боомын өвчлөл гарсан малын хашаа хороо, өтөг бууц, хэвтрийг халдваргүй болгох ажлыг мал эмнэлгийн хяналттайгаар хийх

Мал үхсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад хандаж үхсэн шалтгааныг тогтоолгох

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …